Сүүлийн хэд хоногт жүдо, чөлөөт бөхийн олимпийн эрхийн сүүлийн тэмцээнүүд явагдаж өндөрлөсөн. Хамгийн сүүлд Финландын Хельсинк хотноо болсон чөлөөтийн тэмцээнээс манай бөхчүүд хоёр эрх нэмж авснаар Монгол улс албан ёсоор 28 эрхийн болзол хангаад байна. Эрхийн тоогоор чөлөөт, жүдогийнхон толгой цохиж буй бөгөөд тус бүр найман тамирчнаа Английн нийслэл рүү илгээх нь тодорхой болсон. Гэхдээ Олон улсын жүдо бөхийн холбооноос нэмэлт эрхийг орон бүрт хуваарилж буй. Энэ дагуу манайд нэг эрх нэмэгдэнэ гэж бодохоор жүдогийнхон ес, монголчууд 29 эрхтэй болох юм. Бээжингийн олимпод чөлөөтийнхөн зургуулаа очсон бол Лондонд найман тамирчнаа сойх болсон нь том дэвшил. Харин жүдочид урд хөршийг 10 тамирчинтай зорьсон үзүүлэлтээсээ нэгээр ухарчээ. Ширэн бээлийтнүүд өмнөхтэй адил дөрвөн тамирчнаа оролцуулах бол буудлагын эрх нэгээр хорогдсон нь харамсалтай. Түүнчлэн хөнгөнийхөн өөрийн чадлаар эрхээ гуядаж авсан, байтынхан гурван олимп өнжсөний эцэст хоёр эрх нэмэрлэсэн гээд онцлох зүйл олон байлаа. Ямартай ч манайхан зуны XXX олимпод 30 тамирчинтай орно гэсэн зорилгоо бараг биелүүлээд байна. Гэхдээ одоо аваад байгаа 29 эрх нэмэгдэж болно. Одоо манай эмэгтэй боксчид олимпийн эрх олгох ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм. Урд хөршид болох энэхүү тэмцээний 51, 60, 75 кг-ын эхний наймд шалгарсан тамирчид болзол хангах учиртай.
Олимпийн эрхээ авсан тамирчид (түрүүлж авсан дарааллаар)
1. Б.Сэр-Од (хөнгөн атлетик, марафон)
2. Л.Отгонбаяр (хөнгөн атлетик, марафон)
3. О.Гүндэгмаа (буудлага)
4. Ж.Гантөгс (байт харваа)
5. Чөлөөт бөх, эмэгтэйчүүдийн 63 кг
6. Чөлөөт бөх, эрэгтэйчүүдийн 120 кг
7. П.Сэрдамба (бокс, 49 кг)
8. У.Мөнх-Эрдэнэ (бокс, 64 кг)
9. Б.Урантунгалаг (байт харваа)
10. Н.Баяраа (буудлага, урт буу)
11. А.Тамир (усан спорт)
12. Г.Оюунгэрэл (усан спорт)
13. Н.Төгсцогт (бокс, 52 кг)
14. Б.Түвшинбат (бокс, 69 кг)
15. Чөлөөт бөх, (эрэгтэйчүүдийн 74 кг)
16. Чөлөөт бөх, (эмэгтэйчүүдийн 48 кг)
17. Чөлөөт бөх, (эмэгтэйчүүдийн 55 кг)
18. Чөлөөт бөх, (эмэгтэйчүүдийн 72 кг)
19. Жүдо бөх, (эмэгтэйчүүдийн 48 кг)
20. Жүдо бөх, (эмэгтэйчүүдийн 52 кг)
21. Жүдо бөх, (эмэгтэйчүүдийн 63 кг)
22. Жүдо бөх, (эмэгтэйчүүдийн -78 кг)
23. Жүдо бөх, (эрэгтэйчүүдийн 60 кг)
24. Жүдо бөх, (эрэгтэйчүүдийн 66 кг)
25. Жүдо бөх, (эрэгтэйчүүдийн 73 кг)
26. Жүдо бөх, (эрэгтэйчүүдийн -100 кг)
27. Чөлөөт бөх, (эрэгтэйчүүдийн 55 кг)
28. Чөлөөт бөх, (эрэгтэйчүүдийн 84 кг)
Жич: Боксын төрөлд зөвхөн эрх авсан та мир чид нь өөрсдөө олимпод оролцоно. Ха рин чөлөөт, жүдод жинд нь эрх өгч бай гаа учраас ямар тамирчин явуулахаа ту хайн улс шийдэх юм.
Г.БАЯРСАЙХАН