Манай эгч хонины сүүл, будаа, гурилыг нийлүүлэн хуургадаж хийцтэй цай чанадаг юм. Амттай ч гэж жигтэйхэн. Харин хүргэн ах маань ийм цай уух дургүй. Тэрбээр байнга өөх тос хэрэглэх нь биенд муу. Ядаж цайндаа сүүлний өөх бүү оруулаач гэдэг юм. Гэтэл саяхан нэг эмч телевизийн нэвтрүүлгээр хүн өдөртөө хүнсэндээ 70 гр тослог зүйл хэрэглэж байх ёстой гэж ярьж байна лээ. Энэ талаар хөршийн эмээтэй ганц хоёр үг солилоо. Олонх хүн өөх тос ахиу хэрэглэх нь эрүүл мэндэд хортой гэдэг. Харин мэргэжилтнүүд үүнийг үгүйсгэжээ.
Хэрэв хүнсэндээ тослог бүтээгдэхүүн хэрэглэхгүй бол хүний бие махбодид зайлшгүй хэрэгтэй А, Е, Д витамин болон илчлэг нөхөж чаддаггүй гэнэ. Үүний улмаас нүүрэнд үрчлээ үүсч, үс амархан хуурайшиж хугардаг байна. Нөгөө талаар өөх тос тархины үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж, амархан даарч хөрөхөөс хамгаалдаг аж. Гэхдээ өөх тос хэтэрүүлж хэрэглэх нь эрүүл мэндэд хортой гэнэ. Учир нь тослог ихтэй бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэх нь зүрх судасны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад нөлөөлдөг байна. Ер нь тослог ихтэй хүнс нь хоёр үндсэн төрлөөс бүтдэг аж. Жишээ нь, цөцгийн тос, гахайн өөх, өөхтэй мах зэргийг их хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна судасны хана хатууруулж, даралттай болох, жин нэмэхэд хүргэдэг байна. Харин ургамлын тос, загасны мах зэрэг нь хүнд хэрэгцээтэй өөх тослог, илчлэгийг нөхөхөд тустай аж.
Мөн хүн шууд бус замаар тослог зүйл их хүртэж байдгийг анхаарахад илүүдэхгүй аж. Бялууны крем, жигнэмэг, амтат боов зэргээс хүмүүс авах ёстой илчлэгээ хүртэж байдгийг анхаарахад илүүдэхгүй.
Иймд өөх тосыг ад үзсэний хэрэггүй, мөн хэтэрхий тахин шүтэж болохгүй аж.