УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын дэд дарга Н.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсэг стратегийн ач хол богдол бүхий салбар гэж юуг ойлгох, энэ салбарт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг хэрхэн тодорхойлох, улс орны хөгжилд болон гадаадын хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай байх чиглэлийг баримтлан уг хуультай холбоотой саналын томъёоллуудыг боловсруулснаа танилцуулсныг нь гишүүд дэмжив. Энэ дагуу тухайлбал, одоогоос хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын боловсруулж өргөн барьсан уг хуулийн төсөлд “стратегийн ач холбогдол бүхий” хэмээн томъёолж, хамааруулсан 20 салбарыг эрс цөөлсөн байна. “Стратегийн ангилалд маш олон салбарыг хамааруулснаас хөрөнгө оруулагчдад болгоомжлол төрүүлэх, сөрөг үр дүн гарахаас зайлсхийсэн” гэж Н.Энхболд ярилаа.
Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай багц хуулийн төслийн Ажлын хэсэг Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдолтой гурван салбарыг зарлахыг УИХ-д санал болгов. Үүнд нэгдүгээрт, эрдэс баялаг, уул уурхай, хоёрдугаарт, банк санхүү, гуравдугаарт, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбарыг ямар учраас стратегийн ач холбогдол бүхий салбарт хамааруулж үзсэнээ гадаадын хөрөнгө оруулагчдын хувьцаа эзэмших эрхийг хязгаарлах, эдийн засгийн болон үндэсний аюулгүй байдлыг хамгаалах шалтгаанаар тайлбарласан.
Байнгын хорооны гишүүн Л.Болд “Уг хуулийн төслийг олон нийтэд тайлбарлах хугацаагүйгээр яаран хэлэлцэж байгаа нь Монголыг дэлхийн шившиг болгож орхилоо. Гадаад ертөнц биднийг хоёр хөршөөсөө бусад бүх орны оруулсан хөрөнгийг нухчих нь гэж ойлгоод байна” хэмээн шүүмжлэв. Г.Занданшатар үүний хариуд “Энэ төслийг хоёр жилийн өмнө өргөн барьсан шүү дээ. Харин Л.Болд нарын гишүүд буруу тайлбар хийгээд байгаа учраас олон улсын хэвлэл мэдээллээр буруу мессеж цацагдаад байгаа юм. Бид стратегийн ач холбогдол бүхий салбаруудаа зарлаад эдгээрт хөрөнгө оруул сан гадаадын тал 49-өөс дээш хувь эзэмших бол Засгийн газраас зөвшөөрөл авдаг болох механизмыг хуульчилъя гэж байгаа болохоос нухчин дарах гээгүй” хэмээв.
Эрдэс баялаг, уул уурхайн салбар бүхэлдээ “стратегийн” ангилалд багтаж байгаа учраас давсны жижиг орд ч, элсний карьер хүртэл гадаадын аж ахуйн нэгжийн хөрөнгийг хувь эзэмшил нь 49-өөс дээш хувь байх хэмжээнд татах тохиолдол бүрт Засгийн газраас асуух болж байгаа юм. Засгийн газар УИХ-д танилцуулсны эцэст зөвшөөрөл олгодог байхаар төсөлд зохицуулж өгчээ. ЭБЭХ-ний сайд Д.Зоригт энэ талаар саналаа хэлэхдээ “Би УИХ-ын гишүүний хувьд ийм хууль батлах цаг нь болсон болов уу гэж үзэж байна. Дунд, жижиг хэмжээний ордод гадаадын компаниуд олноор ажиллаж байгаа. Үндэсний компаниудад боломж олгох хэрэгтэй” гэлээ.
Б.ЭНХЦЭЦЭГ