Улс төрийн намуудаас сонгуульд нэр дэвшигчдийн нэрс 10 хүрэхгүй хоногийн дараа албан ёсоор тодорхой болно. Тиймээс яг одоо хэнд аль тойрогт “виз” олгох, хэнийг “өнжөөх”, хэнийг намын жагсаалтын хэд дүгээрт бичих тухай яриа намуудад ид өрнөж байна. Чухамдаа ерөнхий дүр зураг нь бэлэн болчихжээ. Мөрийн хөтөлбөрөө тэд баталчихсан, сонгуульд оролцохоор холбогдох материалаа хүргүүлчихсэн. 48:28 гэсэн холимог хувилбараар сонгуу лийг зохион байгуулах учир мандат хуваарилахад нэлээд өөрчлөлт орж буй юм. Нэр бүхий, туршлагатай улстөрчид тойргоос “жийгдэж”, өөр “нүх” хайн хэсэг сандарсан ч одоо байраа олох нь олоод, олоогүй нь хувь заяатайгаа эвлэрэхэд дөхжээ. Улс төрийн хоёр гол намд л үнэндээ энэ хөдөлгөөн хамаатай.
Ойрын өдрүүдэд хэвлэлээр хоёр намаас тойрогт хэн хэн өрсөлдөх тухай мэдээлэл гарсан. Тэгвэл намын жагсаалтаар ямар хүмүүс гарч ирэх нь олон нийтийн анхаарлыг татаж буй юм. Нийт сонгогчийн 30 хувийн санал авахад л намын жагсаалтад багтсан эхний 10 хүн ногоон гэрлээр УИХ-ын гишүүний зөөлөн суудалд тухлах боломжтой. Тиймээс жагсаалтад багтаад санаа амрах биш, нэрээ аль болох дээгүүр бичүүлэх сонирхол өрнөж байгаа юм.
.jpg)
АН
АН-ын тухайд гүйцэтгэх зөвлөлөө хурал дуулж, Сонгуулийн хороогоо есөн хүний бүрэл дэхүүнтэйгээр байгуулчихсан. Уг бүрэлдэхүүнд АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, З.Энхболд, ҮЗХ-ны гишүүн А.Гансүх, П.Батчимэг, АН-ын нарийн бичгийн дарга П.Гантулга нар багтаад буй нь цаанаа нэгийг хэлнэ.
АН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар тойрог булаацалдахгүй, намын жагсаалтад орно гэдгээ зарлачихсан. Р.Гончигдорж Архангайгаас, З.Энхболд Өвөрхангайгаас виз авахгүй нь тодорхой болсон. АН туршлагатай энэ хоёр улстөрчийг зүгээр “bye bye” гээд явуулчихгүй нь мэдээж учир намын жагсаалтад “квот” олгоод буй юм. Жагсаалтыг намын удирдлагууд тэргүүлж, туршлагатай, нэр хүндтэй улстөрчид удаална хэмээн олон нийт төсөөлж буй. Тэгвэл АН энэ жишгийг зарим талаар эвдэх нь. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат албан тушаалаараа мундагдан жагсаалтын хоёрдугаарт бичигдэхийг төвдөхгүй байгаа гэнэ. Генсекийг давж гарах чансаатай хүн цөөхөн учир тэрбээр жагсаалтын тавдугаарт нэрээ бичүүлэх саналаа хэлсэн байна. Ийм замаар чансаатай хүмүүсийг дээгүүр жагсаах боломжийг хангажээ. Хэрэв түүний нэрийг хоёрдугаарт оруулчихвал Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж гуравт гэж жагсаад Р.Гончигдорж. З.Энхболд нарын туршлагатай улстөрч хойгуур “шидэгдчихнэ”. Үүнийг генсек нь бодолцсон аж. Тэгээд ч жагсаалтаа эрэмбэлэхдээ тойрог, фракц, хүйсийн төлөөллийг хангаж, албан тушаал харахаас илүү туршлага, чадвар, олон нийтэд зөвөөр үнэлэгддэг, олигархи биш хүмүүс байх шаардлагыг АН тавьж буй юм билээ. Жагсаалтын эхний 10 хүн АН-ыг тодорхойлно. Сонгогчдын 30 хувийн саналыг элбэг авна гэж тус намынхан тооцож буй юм. Ингээд АН жагсаалтаа дорх байдлаар төлөвлөжээ.
1. Н.Алтанхуяг
2. Ч.Сайханбилэг
3. Р.Гончигдорж
4. З.Энхболд
5. Д.Эрдэнэбат
6. Р.Амаржаргал
7. Б.Баабар
8. Х.Тэмүүжин
9. Ц.Баярсайхан
10. Ц.Оюундарь
Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нар НИТХ-ын сонгуульд хүч сорих нь бараг тодорхой болсон байна. Мөн “АН бол ах дүү нарын сүлжээ байгууллага биш” гэсэн зарчим баримталж буй учир Х.Баттулгын дүү Х.Бат-Уул, Г.Батхүүгийн дүү НИТХын гишүүн Г.Батчимэг нарт “виз дарахгүй” гэжээ.

МАН
МАН албан ёсоор Сонгуулийн хороогоо байгуулаагүй байна. Гэвч уг хороог УИХын гишүүн С.Баяр удирдана гэсэн мэдээлэл бий. Мөн бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар орох бололтой. МАН-ын хувьд хэнийгээ тойрогт илгээж, хэнийгээ намын нэрээр авч үлдэх эсэхээ ярилцсаар байгаа. Одоогоор ерөнхий дүр зураг төдий л байгаа аж. Ер нь холимог системийн нөлөөгөөр суудал хуваарилахад өөрчлөлт багагүй гарчээ. МАН-ын лидер, Увсдаа өвдөг шороодож үзээгүй Ц.Нямдоржийг энэ удаа намын жагсаалтад бичигдэнэ гэсэн мэдээлэл бий.
Намын дарга С.Батболд өмнөх сонгуулиар нийслэлийн Сүхбаатар дүүргээс сонгогдсон. Хэрэв намын дарга болон ерөнхий нарийн бичгийн дарга нь жагсаалт руугаа орчихвол Сүхбаатар дүүрэг МАНын хувьд “эзэнгүйдэх” юм. Түүний оронд суудлыг нь хадгалчих улстөрч алга. Улмаар АН-д “завшиж”, тэндээс нэг мандат нэмж авч мэднэ. Тиймээс нэр хүндтэй улстөрчдөө шууд жагсаалтаар оруулах уу, тойргийн системээр өрсөлдүүлэх үү гэдгээ тэд эцэслэн шийдээгүй байгаа гэнэ. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн тухайд ч ийм салаа зам дээр зогсож байна. Түүнийг намын жагсаалтыг сонгохгүй бол Сүхбаатар аймагт нэр дэвшинэ гэх яриа ч бий.
МАН чансаатай улстөрчдөөр дутмаг байгаа нь эндээс харагдаж байна. Тус намд мөнгөтэй, залуу бизнесмэн олон. Гэхдээ мөнгөөр зодож жагсаалтад багтах нэг хэрэг. Гол нь намуудад олон нийт дүн тавина, саналаа өгнө. Тиймээс иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх, туршлагатай, жинтэй улстөрчид илүү “үнэд орно”. Ядаж байхад МАН дотроо хагаралтай, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нарын дээрх үнэлгээнд дүйх гурван ч хүнээ МАХН-д алдчихсан. Гал алдахгүйн тулд удирдлагаа тойрог руу илгээж ч мэдэхээр байгаа юм. Юутай ч тус намын жагсаалтын эхний тавд дараах эрхмүүд орох магадлалтай байна.
1. С.Батболд
2. У.Хүрэлсүх
3. Н.Энхболд
4. Ц.Нямдорж
5. Я.Содбаатар
С.ТУУЛ