Буцаж яваа хүний араас чулуу шиддэггүй гэж үг бий. Хүн чанарын асуудал юм гэнэ лээ. Тэгэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бид хоёр яах аргагүй хүн муутай улс болж таараад байна. Гэвч заримдаа муугаараа дуудуулаад ч болов чулуу шидэхээс аргагүй тохиолдол гэж байх юм. Буцаж яваа хүн маань алхам тутамдаа буцаж ноцоод, булзаж дайраад байвал чулуу байтугайг ч шидэх хэрэгтэй болдог аж. Гэхдээ энэ тохиолдолд унахдаа улс орон, ард түмнээ чирэх гэж оролдож буй хүний мөн чанарын тухай хөндөхгүй байгаа нь сонин. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлан хорьсон тухай мэдээлэл анхнаасаа л хоёр сувгаар тархсан.
Монголын төр зүтгэсэн хүндээ халгаатай гэсэн мессеж гэрлийн хурдаар өртөөлөн нисэв. Тийм боловч үүний нөгөө талд төрд өндөр алба хашиж явсан хүн төр, түмэндээ халгаатай байхын үр дагаврыг өнөө цагийн нийгэм харж байна. Н.Энхбаярыг баривчлах нь шударга ёс, хууль эрх зүйн талаасаа хийх ёстой алхам байсан. Аавын хөвгүүд 10, 20 цаасны хулгайн хэргээр төрийн өмнө буруугаа хүлээж, ялаа үүрээд явж байхад хэдэн сая ам.доллар албан тушаалаа ашиглан завшсан хүнийг “Хөөрхий, Ерөнхийлөгч байсан юм” хэмээн өхөөрдөн өрөвдөх хэрэг үү? Баривчилгааны үеэр зарим нэгэн эндүүрэл гарсныг эс тооцвол Монголын цагдаа хүнд хэцүү нөхцөлд үүргээ хангалттай биелүүлсэн. Энэ мэтээс болоод өнгөрсөн үйл явдал болон эдүгээ өрнөж буй Н.Энхбаярын шоунд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр хангалттай хариулт өглөө. Уг уулзалтын үеэр түүний хэлсэн үгийн жин дарах хэсгийг Н.Энхбаярт зориуд хаягласан захидал хэмээн хүлээж авахад буруудахгүй л болов уу.
Таван хүн амь үрэгдэхэд дуугараагүй дарга нар авлигатай тэмцэхийнхэнтэй амь тэмцэн үзэлцэж байна, ийм байж болох уу? хэмээн тэрбээр Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нараас асуулга асуухаа ч мартсангүй. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төрд байхдаа ард түмнээ хайрлаагүй хүн төрөөс холдоод хайртай болсон гэвэл би итгэхгүй. Төрд байхдаа хууль, шударга ёсыг уландаа гишгэдэг байсан этгээд төрөөс холдоод хууль, шударга ёсыг дээдэлдэг болсон гэдэгт би итгэхгүй” гэж хатуухан мэдэгдлээ. Энд дахиад л шударга ёсны тухай яригдана. Төв аймгийн хорих газар хоригдож буй Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарлан, ар гэрийнхэн нь хоёрдугаар эмнэлгийн эмч нарт хүсэлт гаргаснаар түүнийг эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт хамруулсан.
Тус эмнэлгийн дарга Г.Баясгалангийн мэдэгдэж байгаагаар Н.Энхбаярын эрүүл мэнд хуурай өлсгөлөнд амархан нэрвэгдэх боломжтой аж. Гэвч Ерөнхийлөгч асан шинжилгээнд хамрагдахаас татгалзсанаар түүнийг дахиад л хорих газрын хамгаалалтын албаныхан хүчээр шахам эмнэлгийн машинд “ачиж” харагдав. Эл үйл явдлыг цэнхэр дэлгэцээр дамжуулан, мөн л салаа утгатай, олон нийтийг турхирсан агуулгатай мэдээлэл цацсаныг бид мэднэ. Түүний хүү Э.Батшугар телевизийн камерийн өмнө зогсоод АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга руу утасдан “Утсаа авахгүй байна. Та бүхэн сая харлаа. Ийм л байгаа байхгүй юу. Монголын төрд хүний амь ийм л үнэтэй байна” гэж ширүүлхэхийг олон хүн харсан. Энд дахиад л эсрэг, тэсрэгийн холбоос харагдана.
Гэмт хэрэг үйлдсэн хүн бүхэн, хорих газар хоригдож байгаа алдаа гаргасан аавын хөвгүүн бүр Монгол Улсын хууль цаазыг эсэргүүцэн өлсгөлөн зарлаад эхэлбэл юу болох вэ? Хийсэн хэргээ хүлээн, цагдаад шалгуулан, шүүхээс оноосон ялыг эдэлдэг зарчим Н.Энхбаяр гэдэг хүнд үйлчлэхгүй байх ёстой юм бол шүүх засаглал, цагдан хорих байгууллага гэж байхын ч хэрэг алга. Эдүгээ хоригдож буй 8000 хүн бүгд нийгмийн өмнө хийсэн хэргээ үл тоон, хуурай, нойтон өлсгөлөн зарлаад эхэлбэл юу болох вэ? Аливаа үйл явдал бүхнийг их, бага хэлбэрээр улстөржүүлэх боломж үргэлж нээлттэй байдаг. Хэн нэгэн ял эдэлж буй залуу “Миний ах Чингэлтэй дүүрэгт Ц.Элбэгдоржийн өрсөлдөгчийг дэмжиж сонгуулийн үеэр ажиллаж байсан болохоор намайг шуудай гурилаар шалтаглаад хорьчихлоо” хэмээн өлсгөлөн зарлачихвал яах вэ? Иргэн хүн төрийн дор төрж, хуулийн дор амьдардаг. Н.Энхбаярт ч бас энэ үүрэг хариуцлага адил тэнцүү оногдсон.
Иргэний эрхээ хангалттай эдэлж, албан тушаалтны эрх ямбаа дээдэлж өнөөг хүрсэн атлаа үүргээ үүрч, хариуцлагаа мэдрэх цаг ирэхэд залуусын хэлдгээр “новшроод” хэвтээд байх нь хөгийн харагдаж байна. Тэр тусмаа үйлдсэн хэргийнхээ улмаас хоригдож байгаа үйлчлүүлэгч нь өөрөө өөрийгөө хөнөөхөөр өлсгөлөн зарлаж буй тохиолдолд өмгөөлөгч нь “Энэ хүний амь насыг хорьсон хүмүүс нь хариуцна шүү” гэж мэдэгдэн гомдоллож таарах уу? Зүй нь үйлчлүүлэгчдээ амь насандаа хортой үйлдэл хийхгүй байхыг хүсэж, зөвлөх учиртай. Хэрэг үйлдсэн хүн улсынхаа хууль тогтоомжийг элэг барьж, хуурай өлсгөлөн хэлбэрээр амь насаа эрсдэлд оруулан, үүнийгээ шударга ёсны дэнсэн дээр тавин олон нийтийг талцуулж байгаа тохиолдол Монголд анх удаа гарлаа. Түүний зарласан өлсгөлөн үнэн хэрэгтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хаягласан захидал байлаа.
Ийнхүү хуучин, шинэ хоёр Ерөнхийлөгч бие биеийнхээ зүг үгэн сум, үггүй эсэргүүцэл хоёрыг захидал болгон илгээв. Тэдний дунд авлига хэмээх том ангал бий. Тэр ангал дээгүүр Ц.Элбэгдорж “Аминаас үнэтэй эрх ашиг, нэг хүний аминаас үнэтэй эрх ашиг гэж байдаг. Нийтийн энэ эрх ашгийг бид амиараа ч болтугай хамгаалж, цаашид зөрчигдөхгүй байх нөхцөл байдлыг хангах ёстой” гэж цуурайттал хашгирч байна. Үүгээр ч зогсохгүй “Тэнгэр оройгоосоо цоорвол сайн. Авлигатай тэмцэх ажлыг дээрээсээ эхэлж байж цэг тавих ёстой” гэж өөрийн эхлүүлсэн үйл хэргийн учгийг тайлав. Авлига авдаг, өгдөг бүхэн айх цаг ирснийг зоригтой сануулсан Ц.Элбэгдорж авлигатай тэмцэх тэмцэл олон саад бэрхшээлтэй учирна, гэвч ухрахгүй гэдгээ онцолсон. Үнэхээр ч авлигатай тэмцэх эхний алхмыг Н.Энхбаяраар эхлүүлж, хариу эсэргүүцэл нь Ерөнхийлөгч асны хуурай өлсгөлөнгөөр илэрлээ. Авлигатай тэмцэж буй энэ хэлбэрийг олон хүн ойлгохгүй байгаа нь байдлыг бүр ч эвгүй болгож байгаа юм.
Өмч хөрөнгийг нь идсэн даргаа хамгаалан жагсаж буй ард түмний чихийг онгойлгож, нүдийг нээх цаг ирснийг энэ үйл явдал нотоллоо. Тэдний хувьд Н.Энхбаяр энхийн цагаан тагтаа, гэмгүй гэмтэн. Харин Ц.Элбэгдорж болон АТГ хараас хар хэрээ болон харагдаж байна. Шударга ёсны хэмжүүр ийнхүү алдагдсан нь өнөөгийн эмгэнэл гэж хэлж болно. Шударга ёс гэж чухам юуг хэлээд байгааг ойлгохгүй, ухаарахгүй болтлоо олон нийт төөрөлдөж байна. Ард түмэн хаана хаягдсаныг албан тушаалтнуудад ухааруулсан явдал бол мөн л энэхүү Н.Энхбаярын эргэн тойронд өрнөж буй жүжиг байлаа. Ард түмнээ, иргэдээ боловсруулж, мэдлэгтэй, эрхээ ойлгодог, үнэлдэг, үнэн болоод худлыг хуулийн хүрээнд ялгадаг болгон оюун санааны хувьд хөгжүүлэхгүй бол сайд дарга нар нь хэчнээн гадаадад төгсөж ирээд, ганган гоёыг яриад нэмэргүй болсны тодхон баримт Н.Энхбаяртай холбоотой хэргээс харагдаж буй юм.
Ямартай ч энэ бүх эсэргүүцэл, буруу зөрүү ойлголтын дундуур Ц.Элбэгдоржийн цохон хэлснээр “Хууль руу очоогүй Н.Энхбаярын зүг хууль өөрөө ирэв. Өөрөө сайн дураараа очин мэдүүлэг өгөөгүй Н.Энхбаярыг албадан аваачив. Монголын хууль ингэж хэрэгжих ёстой” ажээ. Гэхдээ дахиад л асуудал өөрөөр эргэж байна. “Хууль шүүх дуудсан бол зангиагаа засаад, гутлаа өмсөөд босох ёстой. Ир гэсэн газар нь очих ёстой. Хуулийг хэрэгжүүлдгээрээ, хуулийг хүндэлдгээрээ ялгарч байх ёстой” хэмээн эрхэм Ерөнхийлөгч зарласан. Ц.Элбэгдоржийн үзэл бодлын хариуг Н.Энхбаяр хуурай өлсгөлөн, амь насны эрсдэл, улс төрийн шоугаар барьж байна. “Хууль мөрдүүлэх гэж давраад байгаа бол өлсөөд өгье.
Өлсгөлөн зарлаад, хуулийн хэрэгжилтийг өлсгөлөнд бариад өгье” хэмээн тэрбээр гүрийв. Тэдний энэ тэмцэл цаашдаа үргэлжилнэ. Хоёр талаасаа улам бүр ширүүснэ. Өөр өөрийнхөөрөө зөрүүдэлнэ. Байдал үүнээс ч хүндэрнэ. Гэвч энэ бол зөвхөн Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр гэдэг хоёр хүний хооронд өрнөж буй тэмцэл биш юм. Монголын нийгэм шударга ёсны дэнсэн дээр савлаж буй хэрэг. Өнгөцхөн харахад шинэ Ерөнхийлөгч хуучин Ерөнхийлөгчөө оймстой нь барьж хорьчихоод, өлсгөлөн зарлахад нь хөөрхийг албадан эмчилгээнд хамруулан шогтож буй мэт ойлгогдож магадгүй.
Ц.Элбэгдорж энэ мэтийн буруу ойлголтоос айхгүй гэдгээ, хүнд хэцүү ажлыг нь хийх гэж төрд ирснээ зарлалаа. Өөрийнх нь хэлснээр нийтийн эрх ашгийг амиараа хамгаалахын тулд Ц.Элбэгдорж ч бас хариу өлсгөлөн зарлаж болзошгүй нь. Ингэтлээ хуульт ёс ядрахгүй байх гэж итгэж байна. Хуучин, шинэ хоёр Ерөнхийлөгчийг олон сорилт хүлээж байгаа. Хэн хэн нь нэр хүндтэйгээр үүнийг давж гарна гэж итгэе. Монголын нийгмийн шударга ёс, төрийн хуулийн хэрэгжилтийг бас олон сорилт хүлээж байна. Бүдрэхгүй гэж найдъя.
Р.ЭМҮЖИН