Европын Норвег, Швед, Англи, Франц зэрэг оронд ажиллаж амьдарч буй МАН-ын гишүүдийн “Шинэ хүч” холбооноос МАН-ыг бутралд хүргэсэн удирдах албан тушаалын хэн боловч огцор хэмээсэн шаардлагыг дахин хүргүүллээ. “Манай нам сонгуулийн өмнө хэсэг бүлэг этгээдийн ашиг сонирхлын зөрчилдөөнөөс болж хагаралдаж болохгүй.
МАН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга болон экс ерөнхийлөгч Н.Энхбаяр нарын хүмүүсээс болж жирийн гишүүд хохирч байна. Сонгуульд бид ялагдвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ? Эвтэй байж намаа сонгуульд амжилттай оролцуулна. Намын нэрийг удаа дараа гутааж байгаа хүмүүс огцормоор байна” хэмээн тус холбооны тэргүүн М.Найданхүү өчигдөр мэдэгдлээ.
“Шинэ хүч” холбоо 2012 оны хоёр дугаар сарын 9-нд байгуулагдсан даруйдаа намынхаа удирдлагад цахим хэлбэрээр шаардлага хүргүүлсэн ч дорвитой хариу өгөөгүй тул ийнхүү дахин хандахад хүрсэн байна. Тус холбоо онлайнаар гишүүдээ бүртгэж, 2100 орчим хүнийг элсүүлээд байгаа аж.
О.БАТ-УНДРАХ