Японы эртний нийслэл Нара хотод ирэх есдүгээр сарын 14- 17-нд олон улсын кино наадам болно. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг наадмыг санаачлагч нь 2007 оны Каннын кино наадмын шилдэг шинэ найруулагчийн шагналт Кавасэ Наоми. Уг наадамд сүүлийн хоёр жилийн дотор бүтээсэн, 70 минутаас дээш хугацаанд үргэлжлэх бүрэн хэмжээний уран сайхны болон баримтат киногоо сойх боломж уран бүтээлчдэд нээлттэй. Гэхдээ адал явдалт, инээдмийн, аймшгийн төрлийн кино байж болохгүй гэнэ. Наадамд оролцохыг хүсвэл киногоо англи хэлнээ хадмал орчуулгатайгаар DVD-д буулгаад энэ сарын 31 хүртэл khaltar_erka@yahoo.com хаяг руу илгээгээрэй гэж наадмын комисс дахь Монголын талыг хариуцсан төлөөлөгч Х.Эрдэнэцэцэг мэдээлэв. Монголоос ирүүлсэн кинонуудаас нэг бүтээлийг сонгон наадамд өрсөлдүүлнэ. Тэрхүү киноны найруулагчийн замын зардал болон Нарад байрлах бүх зардлыг зохион байгуулагчид нь даах юм байна. Түүнчлэн наадмын шилдгээр шалгарсан найруулагчийг “Алтан буга” гран при хүлээж байгаагаас гадна Япон улсад кино хийх боломж олгоно гэсэн шүү. Монголын дэлгэцийн бүтээлийг дэлхийд таниулах боломжийг бүү алдаарай. Өнгөрсөн жил болсон анхны наадамд Герман, Авст ри, Перу, Мексик, Ирланд, Израиль, БНСУ зэрэг найман орны уран бүтээлчид киногоо сойсон. Монголын найруулагч Ж.Сэнгэдоржийн “Хүчилтөрөгч” кино эцсийн шатанд тунаж шилдэг бүтээл болсон билээ. Уг бүтээлийн санаа, зохиомж нь өвөрмөц байсныг шүүгчид онцлон дурдсан.
Э.ХАНА