Сонгуульд оролцохоо мэдэгдэж, энэ сарын 9-ний дотор материалаа хүргүүлсэн намуудын баримт бичиг хуульд нийцсэн эсэхийг СЕХноос байгуулсан Ажлын хэсэг хянаж дуусчээ. Тиймээс ямар нам, эвслийг сонгуульд оролцуулахаар албан ёсоор бүртгэснээ өчигдөр хэвлэлийнхэнд зарлалаа. Дээрх бүх нам, эвслийн материал хуульд нийцсэн учраас бүгдийг нь бүртгэсэн байна. Ингээд удахгүй болох сонгуульд АН, МАН, ИЗНН, Хөгжлийн хөтөлбөр, ЭЧХН, МУНН, МНН, МАХН ба МҮАН-ын “Шударга ёс”, БНН, Хамуг Монгол хөдөлмөрийн намын “Гуравдагч хүчин” эвсэл, мөн МСДН, Эх орончдын нэгдсэн нам, Эх орон нам, ИХН-ынхан өрсөлдөх нь албан ёсоор тодорхой болов. Ирэх даваа гаригт СЕХ эдгээр нам, эвсэлд сонгуульд оролцох тухай батламжийг нь гардуулах юм байна.
С.УУЛ