УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва чуулганы өчигдрийн хуралдааны эхэнд намын даргынхаа биеийн байдлын талаар мэдээлэл хийв. Тэрбээр өмнө нь Н.Энхбаярыг харьяаллынх нь дагуу Нэгдсэн II эмнэлэгт хэвтүүлэхийг УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас шаардсан бичиг илгээсэн билээ. Гэвч үүнд нь хариу өгөөгүй учир чуулган дээр мэдээлэл хийхэд хүрсэн гэнэ. Улмаар МАХН-аас гаргасан мэдэгдлийг уншиж танилцуулсан. Тиймээс УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “УИХ-ын дарга хуулийн хүрээнд ажиллана. Асуудлыг хуулийн хүрээнд авч үзэх ёстой” гэсэн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейханд ЭМЯ-тай холбогдож Н.Энхбаярын эрүүл мэндийн талаар санаа тавихыг, хуулийн байгууллагууд хуулийг зөв хэрэгжүүлж байгаа эсэхийг анхаарахыг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаярт сануулсан юм. УИХ-ын даргаас үүрэг өгсөн учир Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейхан ЭМЯ-ныхнаас МАХН-ын даргын эрүүл мэндийн талаар үдээс хойш нь мэдээлэл сонссон.
С.УУЛ