УИХ-ын чуулганы хуралдаан дээр мэдээлэл хийснийхээ дараа гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Намын даргыг нь тэдний хүссэнчлэн Нэгдсэн II эмнэлэгт хэвтүүлсэн. Гэвч тэрбээр эмчилгээ хийлгэхээс татгалзан хуурай өлсгөлөнгөө үргэлжлүүлж буй тул бие нь “шок”-ын байдалд орсон гэнэ. Гишүүн Д.Тэрбишдагва энэ талаар “Н.Энхбаяр дарга өлсгөлөн зарлахад хүргэсэн шаардлагаа хууль хүчний байгууллага болон төрийн өндөрлөгүүдэд хүргэсэн. Улс төрийн өлсгөлөн зарлах нь хувь хүний сонголт.
Харин шаардлагынх нь талаар ярилцах ёстой. Гэвч Төрийн гурван өндөрлөг хариу өгсөнгүй. Хариу авахгүй бол өлсгөлөнгөө үргэлжлүүлсээр байна” гэлээ. Ч.Улаан гишүүний хувьд саяхныг хүртэл Н.Энхбаярын хэвтэж буй эмнэлэгт сувилуулж байгаад иржээ. Тэрбээр “Өчигдөр үдээс хойш Н.Энхбаяр даргыг эмнэлэгт хүргэснээс хойш эмнэлгийн дотоод горим, үйл ажиллагааны зарчим эрс өөрчлөгдлөө. Н.Энхбаяр даргыг тусгай тасагт хэвтүүлж байгаа. Тусгай тасаг эмнэлгийн гуравдугаар давхарт байрладаг. Хонгилоор тусгаарлагдсан зохион байгуулалттай. Тэнд хорио тогтоосон. Мөн эмнэлгийн гадна, доторгүй цагдаа нар жижүүрлэн хонож байна. Эмч нар нь өвчтөнд очиж үйлчилгээ үзүүлэхэд цагдаа нартай учир зүйгээ ололцохгүй байх тохиолдол олон гарч байна. Эмнэлэг гэхэд хэцүүхэн болсон” гэсэн юм.
УИХ-аас чиглэл өгсний дагуу өчигдөр үдээс хойш Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейхан Эрүүл мэндийн сайд Н. Хүрэлбаатар, Клиникийн II нэгдсэн эмнэлгийн захирал Г.Баясгалан нарын мэдээллийг сонслоо. Н.Энхбаярын асуудлаар ЭМЯ дээр Ажлын хэсэг байгуулж, түүнийг хорих ангид байхаас үзлэг, шинжилгээ байнга хийж буй гэнэ. Клиникийн II нэгдсэн эмнэлгийн захирал Г.Баясгалан “Өвчтөний биеийн байдал хүндэвтэр байгаа. Өлсгөлөнг ямар нэгэн байдлаар зогсоох шаардлагатай. Учир нь үүнээс болж өөрчлөлт, хүндрэл гарсан” гэсэн байна.
С.ТУУЛ