Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр мод тарих өдөр болгон зарласан билээ. Энэ хаврын мод тарих өдөр маргааш болно. Энэ талаар Нийслэлийн ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Н.Батсүхээс тодруулсан юм.
-Маргааш хаана, хаана мод тарих вэ?
-Дүүргүүд өөрийн нутаг дэвсгэрт мод тарих ажлыг хариуцна. Манай харьяа байгууллагууд Сэлбэ голын хөндийд байрлах мод үржүүлгийн газар, Мөрөөдлийн цэ цэрлэгт хүрээлэн, Туул голын сав дагуу, Үндэсний соёл, амралтын хүрээлэнд мод тарина.
-Энэ ажилд оролцох хүсэлтэй хувь хүн, албан байгууллага хаана хандах вэ?
-Харьяа дүүрэгтээ болон манайд хандаж болно. Өмнө нь мод тариад, хариуцах эзэнгүй орхидог байсан бол энэ жилээс мод тарьсан хүмүүс усалгаа, арчилгаагаа өөрсдөө хариуцна. Мөн Үндэсний соёл, амралтын хүрээлэнд албан байгууллагууд мод тарьж, өөрсдийн нэрэмжит болгон, түүнийгээ арчилж байгаа. Энэ бүхэнд мэргэжлийн байгууллага хяналт тавьж ажиллана.
-Туул голын захаар тарьж болохгүй гэсэн юм биш үү?
-Болохгүй гэх зүйл байхгүй.
-Хэчнээн мод тарихаар төлөвлөсөн вэ?
-Одоохондоо хэд гэдгийг нь хэлэх боломжгүй. Манай байгууллагын харьяа гэхэд л 50-60 байгууллага тарина. Хэчнээн мод тарьсан, дүнгээ нэгтгээд, даваа гаригт танилцуулна. Хүмүүс мод тарих суулгацаа өөрсдөө авч очих юм.
С.УРАНЧИМЭГ