Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр чуулганы завсарлагаанаар хуралдаж, удахгүй болох сонгуулийг хэрхэн будлиангүй явуулахад санаа тавих гэж оролдлоо. Цахим үнэмлэх хэвлэж чадахгүй болсон ч сонгогчдын хурууны хээг уншуулах төхөөрөмж ашиглавал сонгууль будлиангүй болох боломжтой хэмээн АН үзсэн юм. 2010 оноос Монгол Улс хүн амаа шинэчилсэн бүртгэлд хамруулж, 1,8 сая иргэний хурууны хээг авсан. Сонгуулийн хуульд санал авах үеэр иргэдийн хурууны хээг тусгай төхөөрөмжөөр уншиж тулгах зохицуулалт оруулсан билээ. Ийм төхөөрөмж авах ёстой, үгүй гэсэн маргаан УИХ дээр хэсэг өрнөсөн. Эцэст нь СЕХ-ноос одоо хүчин төгөлдөр байгаа иргэний үнэмлэхээр сонгууль зохион байгуулах болон хурууны хээ таних төхөөрөмж ашиглана гэсэн агуулга бүхий хоёр тогтоолын төсөл өргөн барьсан аж. Эдгээр тогтоолыг хэлэлцэх эсэхийг өчигдөр Байнгын хороогоор яриад дэмжив.
С.УУЛ