Шударга ёсны төлөө тэмцэгчид хэмээн өөрсдийгөө нэрлэдэг Үндэсний Хас, Эрс шинэчлэл, Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнөөс дээрх мэдэгдлийг хийлээ. Тэдний мэдээлж буйгаар өнгөрсөн сонгуулийн үеэр болсон үймээний гол буруутан бол тухайн үед МАХН-ын дарга байсан С.Баяр, ХЗДХ-ийн сайд байсан Ц.Мөнх-Оргил нар мөн. Харамсалтай нь үүнийг хууль, шүүхийн хүрээнд тогтоох ямар ч боломжгүй. Харин өмнө нь өдөөсөн аймшигт будлианых нь учиг тайлагдаагүй, үүний золиосонд таван хүн амь эрсдэж, 800 гаруй хүн мөрдөн байцаах газар олон хоног эрүү шүүлтэд тамлуулан, 275 залуу хүн ял сонсон, тухайн үед хохирсон байгууллагууд одоо болтол хохирлоо барагдуулаагүй, гол буруутан нь хэн болохыг албан ёсоор тогтоогоогүй байхад нэр бүхий этгээдүүд УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж байгаа нь улстөрийн төдийгүй иргэний ёс зүйгүй байгаагийн илрэл хэмээн үзэж буйгаа мэдээлсэн.
Тухайн үед МАХН-ын дарга байсан С.Баяр намын байран дотор гавлуулж, зодуулж нас барсан иргэний талаар хКредит банкны мөнгөний авдрыг ухах гэж яваад угаартаж нас барсан хэмээн удал мэдээлэл олон нийтэд цацсан. Харин ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил тухайн үед өөрийн эрх мэдлийн хүрээнээс хальсан үймээн тарьж, БХЯ-ы мэдэлд байдаг дотоодын цэргийн хүчнийг ард түмний эсрэг турхирсан нь маргаангүй үнэн. Гэвч энэ хэргийн талаарх явагдсан олон удаагийн шүүх хурал, мөрдөн байцаалтад хөндлөнгөөс нөлөөлж, гол буруутныг тогтоолгүй өдий хүрсэн.
Тиймээс МАН болон СЕХ-д дээрх хоёр улстөрчийг энэ удаагийн сонгуульд оролцуулахгүй байхыг хүссэн шаардлага хүргүүлж байгаа гэнэ. Мөн ард иргэд энэ хоёр улстөрчийн хийсэн хэрэг, хутгасан будлианыг санаж, сонгохгүй байхыг уриалсан юм.
Сонгууль болох өдөр хаяанд ирээд байгаа энэ өдрүүдэд Үндэсний Хас, Эрс шинэчлэл, Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнийнхөн энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үеэр ард түмний эгдүүцлийг төрүүлсэн луйвар, булхай гарч, дахин нийгмийг хамарсан үймээн дэгдэх вий хэмээн болгоомжилж байгаа аж. Тиймээс СЕХ энэ байдалд анхаарлаа хандуулж, сонгуулийн үеэр хариуцлагатай, хянамгай, шударга ажиллах ёстой гэдгийг хэлсэн.
Б.МАНДУХАЙ