Сонгууль бол маньд ногдсон маш том, хосгүй хувь тавилан, аз завшаан. Яагаад гэвэл төр хэмээх агуу машиныг энэхүү сонгууль гэдэг ер бусын холион бантанд хутгалдан, орц найрлагад нь оролцож байж гэмээнэ жолоодож үздэг юм гэдгийн билээ. Санал өгөх хуудсан дээр тэг татах гээд азнаж буй тэр хоромд л чи, би, энэ улсын эзэн нь болчихож байгаа юм гэдэг. Харин харамсалтай богинохон тэрхүү хормын дараа бид нүцгэн биен дээрээ юуг ч эрээчүүлж болох цаас төдийд л адилтгагдаад явчихна. Төрийг жолоодолцож, “хаан”, “хатан” сонголтыг хийсэн эзэд гэж цээжээ дэлдэж, мянгантай өрвөлзөөд ч нэмэргүй. Тэлчлээд, тэлчлээд төрийн төлөө боож үхэх оготнуудын л нэг бол чихдог нь харамсалтай. Төрийн хэрэг бидний хувьд нэгэн сонгуулиар шувтарч, дараагийнх хүртэл ёстой падгүй болно.
Төр бидэнд хялайж байгаад, өвдөг дээр минь мөлхүүлж байгаад нэг юм үйлчилсэн болдог юм даа. Уг нь үнэхээр бид энэ улсынхаа эзэд нь мөн юм бол, энэ төрийг бидний сонголтоор төвхнүүлдэг юм бол, төрийн бодлого нь бидэнд чиглэсэн, бидэнд хүрдэг, бидэнд үйлчилдэг байх ёстой. Яагаад гэвэл бид эрх ашгийнхаа төлөөнөө ажилладаг, үйлчилдэг төрийг хүсэж, сонгож байгаа юм ш дээ. Тийм эс аваас сонголт хийхийн шаардлага, утга учир юу байхсан. Хүсэж мөрөөдөж байгааг минь төрийн бодлогод тусган хэрэгжүүлж чадах тийм хүнийг тө лөөллөө болгон сонгох нь миний эрх, тийм итгэл даахуйц хүн үгүй аваас хэнийг ч сонгохгүй, саналаа өгөхгүй байх нь ч миний эрх.
Харин эл эрхэнд минь халдах халдлага бол надтай гэхээсээ илүү төрд халдсан халдлага, төрд тэрсэлсэн гэмт хэрэг болоод явчихдаг аюултай. Ийн атал, өмнөх сонгуулиудаар бидний сонгох, эс сонгох эрхэнд халдаж, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдол байнга давтагдаж байсан болохоор энэ удаа дахин давруулмааргүй байна, би л лав хувьдаа. Удахгүй эхлэх сонгуулийг шударга болох эсэхэд эргэлзсэн зон олон их байна. Хүсэхгүй байгаа сонголтыг зайлшгүй хий гэсэн тулгалтыг бидний өмнө ирүүлэх гээд ч байгаа юм шиг. Адилхан хоёр хулгайчийг өмнө зог соо чихоод аль нэгийг нь сонго гэж байгаатай агаар нэг болохоор сонгууль шударга болно гэдэг лөөлөө биз дээ.
Эх орноосоо урвасан гэх гутамшигт хэрэгт нэр холбогдсон нөхөрт жишээ нь монгол цустай л аваас хэн саналаа өгөх юм. Төрийн өмчийг дээрэмдэж, төсвийн мөнгөнөөс илүүчилж хөлж сөн, хэзээ нэгэн цагт ял тулгуулж, дээлээ нөмрөх учиртай этгээдийг бид тулгалтаар сонгох нь шударга ёсонд нийцэх гэж үү. Намуудын нэр дэвшигчдийн ту хайд хэн мөнгөтэй, баян, хэтэвч томтой нь “онцгой эрх” эдэлсэн байх нь хачирхалтай. Төрийн албанд зүтгэх учиртай түшээд олноос онцгой мэдлэг, авьяастай нэгэн байх албагүй ч, ядаж л төрийн нэрээр хулгай, луйвар хийж, худлаа ярьдаггүй ёс суртахуунтай байвал болоод явчихаж байгаа юм. Туршлагатай, тэр тусмаа төрийн албаны хүнд буулганд зүтгэсэн зүтгэлтэй, алхсан мөртэй, амьдралын алаг, бараан, алдаа оноог таньж мэдсэн нэгний оронд сургуулийн ширээний ардаас дөнгөж өндийсөн, хүнтэй ч ажиллаж үзээгүй атлаа хорвоог хэтэвчтэй мөнгөөр харж сурсан шал “ногоон” банди нарын нэрсийг жагсааж, өмнө авчраад сонго гэж байгаа нөхцөлд сонголтынхоо оронд зүгээр л нулмих байна. Намуудын сонгуульд “сойж” байгаа хүмүүсийн нэрсийг уншаад олон хүнд сонгуульд оролцоод яах юм бэ гэх бодол эрхгүй төрж байгаагийн учир дээр өгүүлсэнтэй холбоотой гэж бодох юм. Ааш араншингийн хувьд адгийн гэгдсэн нөхдүүд дахиад л төр барьж тоглох гээд байгаа ч юм шиг.
Сүүлийн 20 жил төр засалцсан гэх атлаа шалиагүй нөх дүүд энэ сон гуулиар эргэж хургаад, горилоод явах юм. Эсвэл энэ удаа үнэхээр “хүн” болоод төлөвшсөн ч юм болов уу? Юутай ч, улстөрч, тэр тусмаа төр түшилцэх эрхэм бусдаас ялгарах шилдэг зан араншинтай байх ёстойг энэ 20 жилийн туршлага, алдаа онооноос бид харлаа. Мэдлэг, боловсролоос илүү сайн араншин төрийн түшмэл хүнд байх нь хамгийн чухал онцгой чанар юм билээ. Сайн араншинт хүн нийгмийн хийгээд төр улсын язгуур хөдөлгөгч хүч нь болдог юм байна. Хүмүүст итгэгдэн хүндлэгдэх чанараас, өөрөөр хэлбэл итгэл, зөв хичээнгүй, бат тууштай ёс суртахуунтай хүнээс л зөв араншин гардаг ажээ. Хөрөнгө мөнгө, эд баялаг, хувийн цадаж ханашгүй шунал, хүсэлд ту лгуурласан араншинтай аваас ямар ч өргөн мэдлэг, боловсролтой нэгэн байгаад нэмэргүй байдгийг бид өнгөрсөн он жилүүдээс ухаарсан буй за.
Харин Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, С.Бямбацогт, Ж.Сүхбаатар гэх мэт зөв зан араншинтай, бас боловсролтой, мэд лэгтэй залуусыг сонгосон шиг зөв сонголт хийх аваас, намууд ч тийм төлөөллөө нэр дэвшүүлэх юм бол сонгууль утга учиртай болно. Бидэнд бас харьцуулах, жишиг болох эрхмүүд байгаа нь олзуурхууштай. Эцсийн эцэст сонгох, эс сонгох нь бидний л хэрэг явдал шүү дээ. Харин хожим харамсахгүй л сонголт хийх учиртай.
Ш.АЛТАЙ