Монголын төрд нэгэн буруу жишгийг Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав тогтоолоо гэж Увс нутгийнхан ярьж эхэлсэн гэнэ. Уг нь тэрбээр улстөрч байхаа болиод төрд тангараг өргөн зүтгэж байгаа прокурор хүн. Улсын ерөнхий прокурор гэдэг албан тушаал нь улс төрөөс зайлшгүй салахыг түүнээс шаарддаг болохоор тэр л дээ. Харамсалтай нь, Д.Дорлигжав улс төрөөс ангид байхын оронд улс төрийн өс хонзонгоо хашиж байгаа албан тушаалаараа далайлган авч эхэлсан бололтой дог оо. Үүний хамгийн тод жи¬шээ бол Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарыг хорьсон явдал гэж Увс нутгийнхан үзэж байгаа ажээ. Увсын хоёр даргыг хорих болсон үндэслэл нь Улаангом суманд баригдсан 24 айлын орон сууцтай холбоотой.
Төрийн албан хаагчдад олгосон уг орон сууцны барилгын ажлын явцад багагүй хэмжээний мөнгө бусдад өгсөн гэж тэднийг буруутган шүүхээс ял сонсгоод байна. Буруутгах болсон үндэслэл нь ч бас л улс төрийн өс санаж явдаг Д.Цэндсүрэн гэгчийн матаастай холбоотой ажээ. Аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэн гэгч Д.Батсайхан, Э.Цасчихэр нартай холбоотой матаасыг анх Авлигатай тэмцэх газарт хүргүүлжээ. Уг матаасын дагуу Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Увс аймагт ажилласан юм. Нэгэнт л хууль зөрчсөн, хувь хүн, албан байгууллага хохироосон хэрэг хийгээгүй болохоор уг матаасыг нь хууль, хяналтын байгууллага тухайн үедээ хүчингүй болгоод энэ асуудал намжсан байдаг.
Нийслэлийн прокурор ч гэсэн Э.Цасчихэр, Д.Батсайхан нарт холбогдуулах гээд байгаа эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд буцааж байсан юм байна. Гэтэл хууль, хүчний байгууллагуудад Увсын хоёр даргатай холбоотой матаас дахиад л иржээ. Нөгөө л матаасаа нөгөө л Д.Цэндсүрэн хоёр дахиа тэрлэсэн нь энэ. Гэсэн ч үнэн Увсын хоёр даргын талд байгаа болохоор Д.Цэндсүрэнгийн матаас мөн л үүргээ гүйцэтгэж чадсангүй. Хуулийн байгууллага хоёр дахь удаагаа шалгаад, хоёр дахь удаагаа хэргийг хэрэгсэхгүй болгосон юм байна. Нэг асуудлаар ирсэн хоёр удаагийн матаасыг шалгаад, нэг биш хоёр удаа хэргийг хэрэгсэхгүй болгосон гэхээр Э.Цасчихэр, Д.Батсайхан хоёрыг буруутгах үндэслэл үнэндээ байгаагүй гэсэн үг л дээ. Гэтэл тун саяхнаас “Тэнгэрийн албан тушаалд Элбэгдорж, Тэргүүн прокурорт Дорлигжав байхад та нар муусайныг унагахдаа л унгана” гэж өнөөх Д.Цэндсүрэн ярьж явдаг болсон гэнэ. Түүний энэ үг амнаас зүгээр гарч байгаа хий биш байсан гэдэг нь ч тун удалгүй тодорхой болжээ. Үйл явдлын өрнөл үүнийг нь гэрчилж байгаа юм.
Нийслэлийн прокуророос хоёр удаа хэрэгсэхгүй болгочихсон Э.Цасчихэр, Д.Батсайхан нарт холбогдох хэргийг Д.Дорлигжав Улсын ерөнхий прокуророор томилог дсоныхоо дараа гэнэт сэргээжээ. 2007 оны тендер нь зарлагдаж, 2009 онд ажил нь дууссан асуудлыг 2012 онд гэнэт сөхсөн нь анхаарал татаж байгаа юм. Ингэж л Д.Дорлигжав Монгол төрд нэгэн буруу жишгийг тогтоожээ. Увсын олны ярьж байгаагаар бол Д.Дорлигжав өөртэй нь өрсөлдөж байсан нөгөө намынхаа гишүүдэд улс төрийн өс санаж, Улсын ерөнхий прокурорын албан тушаалаараа хонзонгоо тайлахаар шийдсэн гэнэ. Д.Дорлигжавын амнаас “Цасчихэрийг мөсөн чихэр болгоно” гэсэн үгс хүртэл өмнө нь унаж байсан гэхээр өс зангидаж явсан байх магадлалтай гэж Увсын ард түмэн үзэж байгаа ажээ. Үнэхээр түүнд зангидах өс бий юү.
Увс аймгаас УИХ-ын сонгуульд дөрвөн удаа нэр дэвшсэн ч тэрбээр нэг ч удаа сонгогдож байгаагүй. Тиймээс л Увсын МАН-ын хороог тэргүүлж байгаа Э.Цасчихэрээс улс төрийн өс авах гэж бодсон бололтой юм. Өөрөөр хэлбэл, Увсын ард түмний итгэлийг хүлээж УИХ-д сонгогдож чадаагүйнхээ өсийг Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нараас авч байгаа юм уу даа, янз нь. Дээр нь УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирээд буй энэ цагт Увсын удирдлагуудыг хорьсон нь цаанаа л улс төрийн шинжтэйг нь нотолж байх шиг.
Б. БОЛД