Үндэсний Аудитын газраас өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гаргасан “Хяналтын систем суурилуулах зарим төслийн хэрэгжилт” тайлангаас харахад ХЗДХЯ-ны харъяа байгууллагуудад хэрэгжүүлсэн төслүүдээс албан тушаалтнууд асар их мөнгө завшсан нь тодорхой боллоо. Монгол Улсын Сангийн яам, БНСУ-ын Экспорт-Импорт банкны хооронд 2007 оны тавдугаар сарын 29-ний өдөр байгуулсан гэрээгээр “Холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ” төсөл 13 сая 500 мянган ам.долларын, “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах нэгдсэн систем” төсөлд 12 сая 800 мянган ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 30 жилийн хугацаатай авчээ.
Зээлийн хөрөнгийн зарцуулалтыг хянахаар “Хяналтын систем суурилуулах зарим төслийн хэрэгжилттэй танилцах” ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс хүсэлт гаргасны дагуу Үндэсний аудитын газар аудит хийж, дүгнэлт гаргасан байна.
Аудитад “Холбоо хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ”, Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах систем, Дархан-Уул аймгийн Дархан сумын замын хөдөлгөөнийг хянах, гэмт хэрэг зөрчлийг арилгах төслүүдийн техник хэрэгсэл нийлүүлэлт, ашиглалт, нягтлан бодох бүртгэлд тусгасан байдлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын ерөнхий газар, 10 гаруй байгууллага, нэгжийг хамруулжээ.
Хяналтын явцад төслийн дараахь ажил бүрэн хэрэгжээгүй байна. Үүнд:
• “Улаанбаатар хотын Замын хөдөлгөөнийг хянах систем” төслөөр хэрэгжих ажлаас гэрэл дохионы 115 шонг солих ажил хийгээгүй;
• ХӨСҮТ-ийн уулзварт суурилагдах байсан гэрэл дохиог Спортын шинэ цогцолборын уулзварт шилжүүлэн угсрах ажил хийгээгүй
• Явган хүнд зориулсан 191 шон бүхий гэрлэн дохионы 140 гаруй нь бүрэн ажиллагаагүй;
• “Улаанбаатар хотын Замын хөдөлгөөнийг хянах систем” төсөл дуусаж, Улсын комисс хүлээж авсан байхад 2010 оны жилийн тайлан тэнцэлд 17 тэрбум 930 сая төгрөгийн хөрөнгийг тусгаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.4, 8.3 дахь заалтыг зөрчсөн;
• Аудитын явцад техник хэрэгслийн үнэ, ажил, үйлчилгээний хөлс зах зээлийн үнийн судалгааг веб сайт болон төлбөрийн нэхэмжлэх баримтын жагсаалтаас авч харьцуулж үзэхэд 2-5 дахин өндөр үнэтэй байна.
• Мэдээлэл шуурхай удирдлагын төвд хэрэгжсэн нийт 14 тэрбум 848 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлаас 2 тэрбум 331 сая төгрөгийн өртөгтэй барилгын ажлыг техникийн болон улсын комисс хүлээн авч акт гарсан боловч уг барилгын төсөвт өртгийн тооцоо, ажлын гүйцэтгэлтэй холбогдсон материалыг ХЗДХЯ болон МШУТ-өөс олж үзсэнгүй.
• Цагдаагийн хэлтэст ашиглагдах автомашины GPS, GPRS системийн төхөөрөмж огт ашиглагдахгүй агуулахад байгаа;
• Автомашины дугаар танин оруулах системийн програм хангамж латин үсгээр хийснээс кирилл үсэг, улсын дугаарыг илрүүлж чадахгүй;
Иймэрхүү хариуцлагагүй зүйл олон байгаагаас хамгийн их анхаарал татаж байгаа нь нийлүүлсэн техник хэрэгслийн үнийг хэмжээгүй ихээр өсгөж, хөрөнгө завшсан асуудал юм. Тайлангийн Бүлэг 2-т дурдсныг анзааркя “Төслөөр нийлүүлсэн хөрөнгө зах зээлийн жишигтэй харьцуулахад өндөр үнэтэй байна”
2.5. Дээрх 2 төслийн үйл ажиллагааны санхүүгийн баримт материалд аудит хийхэд хүндрэл бэрхшээлтэй байсан боловч төслөөр нийлүүлэгдсэн зарим техник, тоног төхөөрөмжийн үнэ өртгийг Интернет, үйлдвэрлэгч компанийн веб сайт дээрх үнэтэй харьцуулан үзэхэд нэг бүрийн үнэ зөрүүтэй, зах зээлийн дунджаас өндөр үнээр нийлүүлсэн байна. Тухайлбал;
- “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах нэгдсэн систем’’ төслөөр суурилсан Main server HP rx 6600 маркийн төв сервер 176’848 ам.доллараар нийлүүлсэн байхад Google products сайтад 35’835 ам.доллар, БНСУ-ын JINDOO I.S CO.LTD компаниас 2009.09.01-нд ирүүлсэн 119’850 ам.долларын нэхэмжлэх дээр 21’000 ам.доллар гэж бичигджээ.
- HP rx 6600 маркийн Back-up server буюу нөөц сервер нь 176’848 ам.доллараар нийлүүлэгдсэн бол дээрх сайтад 35’835 ам.доллар байна.
- Төсөлд 16’754 ам.доллараар MNS/SMS HPDL360G маркийн сервер нийлүүлсэн бол HP худалдааны компанийн сайтад 2’289 ам.доллар, JINDOO I.S CO.LTD компанийн нэхэмжлэх дээр 2’000 ам.доллар байна.
- Төсөлд 15’823 ам.доллараар суурилуулсан HP Universal Rack 10642 G2 нь дээрх сайтад 1’249 ам.доллар байна.
- Төсөлд 55’847 ам. доллараар суурилсан аудио болон видио бичлэг хийх DVR төхөөрөмж БНСУ-ын HI cctv.net сайтад 2’750 ам.доллар, SK C&CO.LTD компанийн 2009.09.16 нэхэмжлэхээр 3.755 ам.доллар байна.
- Төсөлд 41’885 ам.доллараар нийлүүлсэн Fire wall аюулгүй ажиллагааны төхөөрөмж БНСУ-ын www.kwsys.net сайтад 21’836 ам.доллар байна
- Төсөлд 75’393 ам.доллараар нийлүүлэгдсэн Sniper маркын IPS системийн хамгаалалтын төхөөрөмж БНСУ-ын www.kwsys.net сайтад 37’620’000 вон буюу 34’604 ам.доллар байна.
- Төсөлд 16’754 ам.доллараар нийлүүлэгдсэн телехяналтын болон хөдөлгөөн мэдрэгч HPDL360G маркын телекамерын серверүүд тус компанийн худалдааны сайтад нэг бүр нь 2’289 ам.доллар байна.
- Дээрх төсөлд шилэн кабелийг 1 метр нь 45 ам.доллараар гүйцэтгэсэн байхад манай улсад зах зээлийн дундаж үнэ 1 метр нь 800-6000 төгрөгийн үнэтэй байна. Өөрөөр хэлбэл, кабел болон ажлын хөлс нийлээд 1 метр 1-6 ам.доллар байна
- “Холбоо, хяналт, мэдээллийн сүлжээ” төслөөр нийлүүлэгдсэн Cisco catalist 4500 маркын Backbone switch сүлжээний төхөөрөмж 52’071 ам.доллар байхад PLPPM сайтад 19’800 ам.доллар гэсэн үнэлгээтэй байна
- Төслөөр IP Phone утасны аппарат 359 ам.доллараар үнэлэгдсэн бөгөөд Samsung Wiz070 сайтад 122 ам.доллар байна.
Тайлангийн 47, 66 -р хуудсанд албан тушаалтнуудын үнэ нэмэх байдлаар унагасан мөнгөний зөрүүг хүснэгтээр харуулжээ. Үндэсний Аудитын газрын нотлогооноос өөр үнэн баримт гэж хууль хяналтын байгууллагад байх ёсгүй. АТГ энэ асуудлыг анхаарч шалгахаас өөр зам байхгүй. Энэ бол яалт ч үгүй хууль зөрчсөн, хөрөнгө шамшигдуулсан үйлдэл.
Дүгнэлт: ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн доор ажиллаж байгаа албан тушаалтнууд сайддаа мэдэгдсэн, эс мэдэгдсэн алин боловч асар их хэмжээний мөнгийг нэхэмжлэхэд туссан үнэ дээр нэмэх, үйлдвэрлэгчийн үнэ дээр нэмэх зэргээр зувчуулсан нь тодорхой байна. Сайд Ц.Нямдорж үүнийг мэдсэн бол хөрөнгө шамшигдуулахад хамтран оролцсон хэрэгт унана. Мэдээгүй нь нотлогдвол албан тушаалдаа хайнга хандаж, доод ажилтнууддаа улсбн хөрөнгө завших бололцоог олгосон хэрэгт хариуцлага хүлээх болж таарлаа. С.Батболд одоо унадаггүй сайдаа хэрхэн аварч үлдэхийг нийтээрээ анхааран ажиглах үлдэж байна.