Гэмтэл бэртэл нь хөлбөмбөгийн салшгүй нэг хэсэг гэдгийг ямар ч дасгалжуулагч, хөлбөмбөгч хүлээн зөвшөөрдөг.
Тэр тусмаа орчин цагийн хөлбөмбөгт ямар нэгэн гэмтэл авалгүй зодог тайлсан мэргэжлийн хөлбөмбөгч өөрийгөө азтайд тооцож бүрнээ болох билээ. Гэвч ийм тоглогч ховор бөгөөд ногоон талбайд бөмбөг өшиглөх зуураа гэмтэж үзээгүй тоглогч цөөхөн. Тэдэн дундаас тун онцгой, содон нөхцөл байдалд өөрийгөө “ёо ёо” болгосон зарим тоглогчдын талаар товч хүүрнэе.
Хөлбөмбөгч нь ямар ч үед гэмтэл авч болдогийг харуулсан сүүлийн нэгэн явдал Испанийн “Валенси” багийн од Эвер Банегад тохиолджээ. Шатахуун түгээх станц дээр машиндаа түлш хийхээр зогсохдоо аргентин тоглогч гар тоормозоо татахаа мартаж бууснаас машин нь ухарч зүүн хөлийг нь даран улмаар Банега шагайндаа хүнд гэмтэл авсан. Үүний улмаас тэрбээр мэс засал хийлгэж, зургаан сарын дараа л хөлбөмбөг өшиглөх боломжтой гэсэн хариуг эмч нараас аваад байгаа. Хөлбөмбөгч орон дотроо ч аюулгүй байх боломжгүй гэдгийг нотолсон тоглогч бол Английн залуучуудын шигшээд тоглож байсан Лерой Лита юм. “Ридинг”-ийн довтлогч маань нэг өглөө сэрээд орондоо суниаж байхдаа хөлнийхөө шөрмөсийг гэмтээсэн гэдэг. Тоглогчид ванны өрөөндөө ч болгоомжтой байхад илүүдэхгүй.
Испанийн шигшээ багийн хаалгач Сантьяго Канисарес зочид буудлын ванн дотор сахлын усны саваа санамсаргүй хагалсанаас болж 2002 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй юм. Хагархай шил хөлөн дээр нь унахдаа эрхий хурууных нь шөрмөсийг гэмтээжээ. Алан Мюллери шүдээ угааж байгаад нуруугаа гэмтээсний улмаас 1964 онд Өмнөд Америкаар хийх Английн багийн аялан тоглолтыг өнжсөн бол Бразилийн Рамальо шүдний халдварыг эмчлэх зориулалттай эмчилгээний лааг залгиснаас болж гурван өдрийн турш орноосоо өндийгөөгүй гэнэ. Нохой бол хүний сайн нөхөр гэж ярьдаг. Гэвч үргэлж тийм биш ажээ. Үүний тод жишээ бол гал тогооных нь өрөөний шалан дээр байсан гөлөгнийхөө шээсэн дээр хальтирч унасан Уэльсийн шигшээгийн Даррен Бернард юм. Үүний улмаас өвдгөндөө гэмтэл авсан Даррен таван сар талбайд гараагүй.
Саяхан “Стоук Сити”-гийн хагас хамгаалагч Лиам Лоуренс нохойн дээгүүрээ давж унаад гэмтэл авсан бол Карло Кудичини, Жульен Эскуд хоёр нохойгоо салхилуулж яваад гэмтжээ. Харин 1969 онд “Борусси Дортмунд” багтай хийсэн дерби тоглолтын үеэр хамгаалалтын албаны герман нохой “Шальке”-гийн Фридель Раушын бөгсийг хазсан хачин тохиолдол ч бий. Үүнээс ч гажиг, басхүү харамсалтай явдал “Брентфорд” багийн хаалгач асан Чик Бродид тохиолдсон юм. Талбайд гэнэт гарч ирсэн нохойтой мөргөлдөж гэмтсэнээс тэрбээр зодог тайлахад хүрчээ. Нохой түүний өвдөгний нүдийг хүнд гэмтээсэн аж. “Тэр нохой жижигхэн байсан л даа, гэхдээ чамгүй хүчтэй золиг байлаа” гэж Чик хожим дурсчээ. Энэхүү явдал 1970 оны арваннэгдүгээр сард болсон юм. Хөлбөмбөгчид амьтан болон хүүхдүүдээс ч хол байсан нь дээр бололтой.
1970-аад оны үед Норвегийн Свен Грондален ойд гүйж байгаад хандгайтай “нүүр тулсанаас” гэмтэл авч шигшээ багийнхаа дэлхийн аваргын эрхийн төлөөх ээлжит тоглолтыг өнжсөн юм. Английн шигшээгийн хагас хамгаалагч Дэвид Бэтти борвины гэмтлээ эдгээгээд багтаа эргэн ирэх гэж байсан ч хүүхэд нь гурван дугуйтаа унаж байгаад хөлөн дээгүүр нь гарч ахин гэмтээсэн бол Данийн Аллан Ниелсений нүд рүү охин нь чичсэнээс болж хэд хэдэн тоглолтыг өнжсөн удаатай. Тоглогчдод өгөх өөр нэг анхааруулга бол гэр орны засвараас хол байх хэрэгтэй. “Арсенал”-ын домогт тоглогч Чарли Жорж хөлийн эрхий хуруугаа зүлэг тэгшлэгчээр “зүсч” хаяснаас болж ахин урьдынх шигээ хэзээ ч тоглохоо больсон гэдэг.
Францын Грегори Купе гэртээ ханын тавиур тогтоох гэж байгаад хоёр хуруугаа гэмтээсэн тул хоёр долоо хоног талбайд гараагүй бол “Ливерпуль”-ийн нөөц хаалгач асан Майкл Стенсгаард нь индүүний тавцанг хураах гэж байгаад мөрөө гэмтээж, үүнийхээ улмаас нэгмөсөн зодог тайлахад хүрч байсан харуусмаар тохиолдол ч бий. Түүний мэргэжил нэгт “Эвертон”-ы Ричард Райт ч мөн түүнтэй адил гашуун зовлон амссан нэгэн. Холбооны цомын тэмцээний хүрээнд “Челси” багтай хийх хариу тоглолтын өмнөх бие халаалт дээр тэрбээр нэг хөгийн гэмтэл авсан удаатай. Хаалганы урд бэлтгэл хийж болохгүй гэсэн анхааруулгыг үл тоосны улмаас тэрбээр өнөөх сэргийлсэн пайзан дээгүүр давж унаад шагайгаа мулталчихсан. “Эвертон”-д анх тоглож эхэлж байх үедээ Райт мөн иймэрхүү гажиг гэмтэл авч байсан бөгөөд цүнхээ баглаж байгаад тагтнаас унаж мөрөө булгалж байсан “туршлагатай” нөхөр. Ерөөс хаалгач нар иймэрхүү этгээд содон гэмтэл авахдаа гарамгай бололтой.
Германы шигшээд тоглож асан Норберт Нигбур 1980 онд өдрийн хоолоо идээд ширээний ардаас босохоор өндийхдөө өвдгөө хүндээр гэмтээж, арай л зодог тайлчаагүй. Үүнээс таван жилийн өмнөх явдал. “Манчестер Юнайтед”-ын хаалгач Алекс Стефни “Бирмингем” багтай хийсэн тоглолтын үеэр хамгаалагч нар руугаа хашгирч заавар өгч байгаад эрүүгээ мулталж байлаа. Дээр зарим гэмтлийг төрлөөр нь ангилж хүргэсэн бол тэгэх боломжгүй дэндүү гажиг бэртлийн талаар одоо өгүүлье.
Нисэх буудал дээр онгоцны тасалбараа санамсаргүй нүд рүүгээ оруулсанаас болж Милан Рапайч “Хайдук Сплит” багийнхаа улирлын эхэн хэсгийг өнжиж байсан. Мөн скраббл хэмээх үг эвлүүлдэг хөлөгт тоглоом тоглож байсан “ПСЖ” багийн Лионел Летици шалан дээр унасан нэг үсэг авах гэж бөхийгөөд л нуруугаа гэмтээсэн түүх бий. Харин Германы доод дивизионы “Штутгарт Кикерс” багийн Саша Бендер салхи сөрж яваад нүүрэндээ гэмтэл авсан инээдтэй тохиолдол бий гэвэл та итгэх үү.
Сэтгэлийн хөдөлгөөнтэй тоглогчид гоолын баяраа хийхдээ ч болгоомжтой байхгүй бол баярласны дараа харамсах шалтаг гарч ирдэг. Тьерри Анри, Марко Тарделли хоёр гоол оруулсныхаа дараа баярлаж байгаад булангийн туганд нүүрээ цохиулан гэмтэж байсан бол “Арсенал”-ын нөөц тоглогч Перри Гровс багийнхан нь гоол оруулсны дараа баярлан үсрэхдээ суудлын дээврийг хүчтэй мөргөн тэр дороо ухаан алдаж унасан гашуун түүх ч бий. Гэхдээ энэ бүхэн бол доор өгүүлэх явдлын дэргэд юу ч биш.
2004 оны арванхоёрдугаар сард “Шаффхаусен” багийн хаалганд гоол оруулсныхаа дараа “Серветт” багийн хагас хамгаалагч Пауло Диого үзэгчдийн суудал руу гүйн очжээ. Гэвч зам зуур хуримын бөгж нь торон хашлаганд тээглэснээс долоовор хуруугаа дундуур нь тасалж орхисон юм. Гэвч шүүгч хөөрхий түүнийг гоолын баяраа хэтрүүлсэн хэмээн шар хуудас өгчээ. “Реал” багт хамтдаа тоглож асан Дэвид Бекхэм, Эмерсон хоёр ч цагтаа нэлээд алдартай гэмтэл авч байлаа. 2003 онд “Олд Траффорд”-д болсон Холбооны цомын төлөө “Арсенал”- тай хийсэн тоглолтын завсарлагаар дасгалжуулагч А.Фергюсоны өшиглөсөн гутал Бексийн нүүрийг онож, тэрбээр зүүн нүднийхээ дээхнэ талд оёо тавиулсан дуулиан бий.
Харин 2002 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Туркийн шигшээтэй хийх эхний тоглолтоос нэг өдрийн өмнө Бразилийн шигшээгийн Эмерсон нэгэн хөнгөн бэлтгэлд оролцжээ. Багийн ахлагч маань гоол оруулах гэж байгаад мөрөө гэмтээж, үүнийхээ улмаас дэлхийн аваргын тэмцээнийг өнжих ёстой болсон, гэхдээ баг нь түүний туслалцаагүй аварга болсон билээ.
Н.ЭНХБАЯР