СЕХ-ны шинээр томилогдсон Н.Дагва, Б.Билэгт, Г.Гэрэлт-Од, Б.Ганбат, Д.Эрдэнэчулуун нарын таван гишүүн өчигдөр тангараг өргөлөө. Тэднийг Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхээс тус тус санал болгож баталсан юм. Тэд Үндсэн хууль, Сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, СЕХ-ны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ ийнхүү батлан тангараглав.
Энэ үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэдэнд “Сонгуулийг зохион байгуулахдаа хуулийг чандлан баримталж, сайтар ойлгуулж тайлбарлаж ажиллах нь чухал байна. Ялангуяа иргэний нийгмийн байгууллага, иргэдтэйгээ хамтран ажиллаж байж сонгууль шударга, маргаангүй болно” хэмээн санууллаа.