УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаан цаг үеийн асуудлыг хэлэлцжээ. Энэ тухай Бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг өчигдөр мэдээлэл хийлээ. Дорнод аймгийн Баяндун суманд гарсан түймрийг унтраахаар яваад амь үрэгдсэн ажилтнуудын ар гэрт АН-ын бүлгээс эмгэнэл илэрхийлсэн юм. Мөн байгалийн гамшгийн үед онцгой байдлынхан хангалттай техник хэрэгсэлгүй байгааг Засгийн газар анхаарч, хөрөнгө санхүүгээр дэмжих ёстойг санууллаа. Түүнчлэн шатахууны үнийг үндэслэлгүйгээр нэмсэн нефть импортлогч найман компанид ногдуулсан 17.2 тэрбум төгрөгийн торгуулийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүчингүй болгосныг буруушаасан юм.
Тэрбээр “Уг байгууллага иргэдийн биш хэдхэн компанийн эрх ашгийг хамгаалж байна. Ийм шийдвэр гаргасан хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Сүүлийн үед асуудлыг хууль ёсны биш улс төрийн талаас харж хандаад хариуцлагыг гээгдүүлээд байна” гэлээ. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар гишүүд саналаа хэлсэн байна. “Улс төрийн нам энэ асуудалд оролцох ёсгүй ч олон нийтийн анхаарлыг татаж буй учраас гишүүд саналаа хэлсэн. Ингээд хуулийг сахиж, шударга ёсны зарчмыг хангаж ажиллахдаа хүнлэг ёсыг хангах нь зөв гэсэн байр суурийг манай Бүлэг илэрхийлж байна” гэв.
С.УУЛ