Ардчилсан нам УИХ-ын 2012 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө бүхнээс түрүүлж хэлэлцлээ. Энэ хөтөлбөрт Үндэсний Аудитын газар хяналт тавьж, тооцоог магадласан. Удахгүй сонгогч олонд хүрэх Монгол хүнийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр бусад намын хөтөлбөрөөс юугаараа ялгагдаж байгааг сонжсноо толилуулъя.
Ардчилсан нам улсын хөгжил нь иргэдээсээ, хүнээсээ хамаардгийг итгэл үнэмшлээ болгожээ. Аль 1990 оноос дэвшүүлж ирсэн “Иргэн баян бол улс баян” уриагаа тэд мартаагүй явна. Шинэ нийгэмд шилжсэн цагаас хойш тэдэнд энэ уриагаа амьдралд бүрэн хэрэгжүүлэх алтан боломжийг сонгогч олон олголгүй өдий хүрсэн билээ. Хэдийгээр 1996-2000 оны хооронд Ардчилсан холбоо эвслийн бүрэлдэхүүнд Ардчилсан нам голлон оролцож сонгуульд ялсан ч МАХН, Ерөнхийлөгч Н.Багабандитай хавсайдан төлөвлөсөн бүх ажлыг нь нурааж, улс төрийн ашиг хонжоо хөөцөлдсөөр олигтой ажил хийлгэлгүй унагааж дөнгөсөн байдаг. Энэ хорлолын горыг өнөөдөр монголчууд нийтээрээ амсаж, ядуурал, ажилгүйдэл, баялгийн шударга бус хуваарилалт гаарсан, хариуцлагагүй, бодлогогүй төртэй болчихоод байна.
2008 оны сонгуулиар эрх баригчид сонгогчдын саналыг их хэмжээгээр луйвардсанаар Ардчилсан нам цөөнхийн байр сууринд очсон. МАН орчин үеийн нөхцөл, хөгжлийн хандлагын ойлгож, зөв шийдэл хийх чадваргүйгээ сонгуульд луйвраар ялсан хойноо л ухамсарлаж, дэлхий дээр байхгүй практикт шилжиж ялсан гэх олонхи цөөнхийгөө “хамтарч засаг бариач” гэж гуйсан билээ. Хэдийгээр Ардчилсан нам сонгогчдын олонхийн дэмжлэг аваагүй ч эрх баригчдын арчаагүй байдал, улс орны өмнө тулгарч байгаа зорилтуудыг тооцож үзсэний үндсэн дээр мөрийн хөтөлбөрийнхөө тодорхой заалтыг хэрэгжүүлэхээр хэсэг хугацаанд хамтарсан Засгийн газарт ажилласан түүхтэй. Ардчилсан нам ийм шийдвэр гаргаагүй бол ард түмэнд баялгийн хувь - нэг сая төгрөг олгох ажил хэрэгжихгүй байлаа. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын талаар МАН зүүдлэх ч сөхөөгүй байлаа. Шинэ төмөр замын бодлого боловсруулахгүй байлаа. 100 мянган айлын орон сууц, Шинэ сумын төв, аймгийн төвүүдийг холбох дардан замын төслүүд сураггүй байх байлаа. Ардчилсан нам хэдийгээр сонгуульд ялаагүй ч Засгийн газарт уригдаж ажилласнаар тэтгэврийн, байгаль орчны болон эрүүл мэндийн бодлогод өөрсдийн санал санаачилгыг тусгуулж чадсан юм. Товчхондоо санаачилж, хийж чаддаг нам болохоо тод харуулсан билээ.
Харин 2012 сонгуулиар монголчууд олон жилийн турш тарыг таньж, бяргүйг нь мэдсэн экс коммунистуудаас салах нь тодорхой болж байна. Ардчилсан нам эх орныхоо ойрын ирээдүй, хэтийн төлөв, эрсдэл боломжийг зөв төсөөлж МОНГОЛ ХҮНЭЭ хөгжүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулжээ. Ирэх дөрвөн жилд хийх ажлынхаа цар хүрээг тодорхой болгожээ. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт:
• Шударга ёс алдагдаж, олон нийтийн итгэл суларч байгааг засаж залруулахад зайлшгүй шаардлагатай шинэтгэлийг хийх талаар зоримог санал оруулсан байна.
• Эрүүл мэндийн даатгалыг цогцоор нь шинэчлэх замаар Монгол хүнийг өвдөхөөр нь эмчилдэг бус өвчлүүлдэггүй байх тогтолцоог бий болгох шинэлэг санааг томьёолжээ.
• Мэдлэгт суурилсан сургалтын тогтолцоог бий болгохоор зорьжээ.
• Монголчууд бүгдээрээ ажилтай болох төрийн бодлогын арга замуудыг оновчтой томъёолж, шийдэл, шийдвэрлэх гарцыг гаргажээ.
Ардчилсан нам Монголын төр бүх хөрөнгө оруулалтаа эн тэргүүнд чиглүүлэх ёстой хөгжлийн үндсийн үндэс нь МОНГОЛ ХҮН гэж үзэж байна. МОНГОЛ ХҮНЭЭ ярихгүйгээр яам тамгын газар, барилга байшин ярьсаар 22 жилийг өнгөрөөсөн эрх баригчдын мулгуу түүхийг давтахгүйгээр төлөвлөжээ. Өнгөрсөн түүхийг маргаашийн Монгол зөвшөөрөхгүй. Тиймээс Ардчилсан нам МОНГОЛ ХҮНИЙГ хөгжүүлэх бодлогоо энэ хөтөлбөрийнхөө таван хэсгээр бүрдүүлж байгаа ажээ.
Эрх чөлөөт МОНГОЛ ХҮН-ий хамгийн гол дайсан өнөөдөр авилга болоод байна. Авлига улс төрийн ялгаварлан гадуурхлыг дэвэргэж, төсөв нэрээр ард түмний хөрөнгийг үргүй зарж, үгүйрүүлэн завшихыг дэлгэрүүлж байна. Авлига бол эрх чөлөөний гол дайсан учир ирэх дөрвөн жилд үгүй хийх ёстой гэж тэд тунхаглажээ.
Монгол хүн бүрийн хүсэж мөрөөдөж байгаа зүйл бол ажилтай, хангалттай цалинтай байх юм. Ардчилсан нам үүнийг бодит ажил болгохдоо:
• Ажил хийх чадвартай хүнийг халамжилж, хөдөлмөрийн чадварыг нь алдагдуулдаг, тэжээвэр болгодог алдааг давтахгүй гэлээ,
• Ажил хийх эрмэлзэлтэй иргэдээ сайтар дэмжиж, орлого олох, бизнесийн нөхцлийг сайжруулахад онцгой анхаарна гэлээ,
• Монгол хүн бүр ажилтай, хангалттай цалинтай байвал Монголын эдийн засаг дархлаажна гэлээ.
Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт боловсрол чухал байртай байна. Улс орны оршин тогтнох үндэс нь эдийн засгийн тогтвортой өсөлтөөс гадна Монгол хүний боловсрол юм. Монголчууд боловсролгүй, баян боллоо ч ирээдүй нь харанхуй байна. Монгол хүн боловсролтой байвал газрын баялаггүй ч, тархины баялагтай Азийн цээжин дэх Израйл болж чадна гэж тэд үзэж байгаа юм..
Аюулгүй орчинтой монгол хүн. Байгаль орчин бүрэн бүтэн байх нь аюулгүй орчны амин сүнс бол монгол хүний хүнсний аюулгүй байдал бас чухал гэж Ардчилсан намынхан тунхаглаж байна. Нийгэм, улс төрийн тогтвортой байдал, хууль шүүхийн шударга систем зэрэг нь аюулгүй байдлыг бүрэлдүүлэгч хүчин зүйлс гэдгийг анхаарч үзэхээр мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ.
“Монгол хүн 2020” хөтөлбөрийн нэн чухал сэдэв нь Эрүүл мэндийн тогтолцоо ажээ. Өнөөдөр монголын хүн амын дундаж наслалт доогуур, суурь өвчлөлт их байна. Эмнэлэг, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо хоцрогдсон. Энэ бүхнийг түүх болгож эрүүл амьдрал, идэвхтэй хөдөлгөөн, архигүй орчин, оношилгооны нэгдсэн энгийн систем, гэр бүлд хүрсэн эрүүл мэндийн даатгал гээд олон ажлыг эхлүүлж Япон шиг урт наслалттай, Европ шиг эрүүл, Азийн Монгол болгохын төлөө ажиллана гэдгээ Ардчилсан нам илэрхийж байна.
Ардчилсан намын зорьж байгаа, бусдаас ялгарч буй гол зүйлсийг тоймлоход Монголын хөгжилд ус, агаар шиг хэрэгтэй зүйл бол Шударга ёс гэж үзжээ. Ардчилсан нам эх орондоо шударга үнэнийг авчрахын тулд :
• Газрын доорхи баялгийг шударгаар хуваарилна. Ардчилсан намын хөтөлбөр хэрэгжих цаг мөчөөс эхэлж Монгол хүн бүр насан туршдаа газар доорхи баялгаасаа хувь эзэмших болно.
• Ардчилсан нам ДНБ-д улсын төсвийн эзлэх хувийг багасгаж, Данхар, хүнд сурталтай төрийг цомхон болгож, төрийг бүсээ чангалах, хэмнэх зуршилтай болгоно. Харин сонгогчид, ард түмэн жаргалаа эдэлнэ гэжээ.
• Ардчилсан нам улсын төсвийн худалдан авалт, тендерийг ил тод болгож, ард түмний хяналтад өгөх юм байна. Тендерийн булхай түүх болж, төрийн нэрээр луйвар хийгчдийн нуруу бөхийх болно гэж итгэлтэй амлаж байна.
• Ардчилсан нам хувийн хэвшил, тэр дундаа жижиг бизнес эрхлэгчдийн татварыг нэг хувьд хүргэж буулгана гэлээ. Ингэснээр чинээлэг дундаж давхарга мөрөөдөл бус бодит биелэл болох юм. Товчхондоо Ардчилсан нам баялаг бүтээгчдийг өөрсдийн нийгмийн түшиг тулгуур, бааз суурь гэж үздэгээ тунхаглалаа. Ажил хийж байгаа хүн бүрийг баялаг бүтээгч гэж дээдлэн үзэхээ зарлалаа.
Ардчилсан нам шударга ёс, зөв хөгжлийг боомилсон учир зүйн уялдаа холбоогүй хуулийг өөрчилж, Монгол хүнд ээлтэй хуультай болж, биелүүлж, хэрэгжүүлэх болно. Ардчилсан нам Монголын газрын баялгийг Монголын хамгийн үнэтэй баялаг болох хүндээ өгөх хөтөлбөр хэрэгжүүлнэ, сонгуульд ялмагцаа хамгийн шударга хуваарилалт болох “Хүүхдийн мөнгийг” дахин монголын үрсэд өгч эхэлнэ гэдгээ зарлалаа. Ийм нэг хөтөлбөрийг тус нам дэвшүүлжээ.