Сонгууль хэмээх “дайн”-д оролцохоор улс төрийн намууд гарааны зурхай дээр нэгэнт ирээд байна. Арваннэгэн нам, хоёр эвсэл сонгуульд оролцох батламжаа авсан. Тэдний хэнд нь илүү итгэл хүлээлгэхээ ард түмэн шийднэ. Харин ард түмнийг өөртөө “татаж” чадах, эсэх нь тухайн намын Сонгуулийн штабыг удирдах хүнээс ихээхэн хамаарах юм. Ерөнхий нарийн бичгийн дарга нь штабаа удирддаг жишиг манай улс төрд бий. Гэхдээ ингэх нь хууль биш учраас заавал ийм албан тушаалын хүн сонгуулийн менежер байх албагүй. Юутай ч АН энэ уламжлалыг дагаж байна. Тус намын сон гуулийн менежерээр ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат ажиллана. Энэ намын Сонгуулийн хороо есөн хүнтэй, тэднийгээ нэр усаар нь зарлачихсан. Харин МАН штабаа байгуулж, бүрэлдэхүүнийг нь зарлахыг яарахгүй байх шиг. Гэхдээ генсек У.Хүрэлсүх, эсвэл УИХ-ын гишүүн С.Баяр нарын аль нэг нь сонгуулийн өмнөх кампанит ажлыг удирдана гэсэн таа маг байна.

АН
Тус намын генсек Д.Эрдэнэбат 2008 оноос АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй. Улс төрд “улиг болсон” хүмүүсийг бодвол тэр шинэ, бас элдэв бохир юманд нэр нь холбогдоогүй хүн. Уг албан тушаалд ирэхээсээ өмнө дүүрэг хэмээх бичил улсыг олон жил удирдсан нэгэн. АН-ын харъяалалтай улстөрчдийг бодоход тэр сайд юм уу УИХ-ын гишүүн байгаагүй. Төрийн байгууллагын анхан шатны нэгжийг төвхнүүлэхэд амьдралынхаа 10 гаруй жилийг зарцуулжээ. 1996 оноос тэрбээр нийслэлийн Багануур дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээс эхлээд Засаг даргыг нь хүртэл албыг хашсан аж. Инженер механик мэргэжилтэй, төрийн албанд зүтгэсэн туршлагатай, их улс төрд бол шинэ хүнийг АН-ын гишүүд 2008 оны есдүгээр сард улс төрийн байгууллагынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар сонгожээ. Түүний намтар ийм товчхон. Тэрбээр олон тийш үсчсэнгүй. Одоо АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат их улс төрд харьцангуй танил болсон байна. Шулуухан, түс тас зан түүний имиж. Хөнгөн, хийсвэр байдал бас ажиглагддагг үй. 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа менежерээр ажилласан. Уг сонгуульд АН ялалт байгуулж, Ц.Элбэгдорж сонгогдож Д.Эрдэнэбатын чадварыг нэг удаа шалгасан юм.
МАН
Таамаглал ёсоор МАН-ын сонгуулийн хараахан байгуулаагүй байгаа штабыг С.Баяр, У.Хүрэлсүх нарын хэн нэг нь удирдана. С.Баярын хувьд 2008 он хүртэл Элчин сайд, намын нарийн бичгийн дарга гэх мэтээр “хөшигний арын” албан тушаал хашиж явсан хүн. 2007 оны аравдугаар сард МАХН-ын (хуучнаар) дарга болсноор тэрбээр 2008 онд сонгуульд намаа удирдаж оролцсон. Хэдийгээр тус нам үнэмлэхүй олонх болоогүй ч Засгийн газраа байгуулах хэмжээний суудал авч чадсан. Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан туршлагатай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч. МАН энэ хүнээр сонгуулийн штабаа удирдуулбал олон нийт гайхахгүй, харин ч зөв сонголт хэмээн үзэх магадлалтай. У.Хүрэлсүхийн тухайд намынхаа залуучуудын байгууллагыг тэрг
үүлж явсан. Тэр үедээ намыг нь шүүмжлэгчдийг сөрөг жагсаалаар “намнах”-аар тэмцэж ч үзсэн гэж байгаа. Огцом, түргэн зан нь илрэх гээд байдаг гэмтэй ч 2004-2008 онд УИХын гишүүн байсан, сайдаар ажиллаж явсан туршлага бий. Намын нэр сольсонтой холбогдуулан сонгуульд ялагдах юм бол хариуцлагыг нь “би хүлээнэ” гээд мэдэгдчихсэн. Гэхдээ МАН энэ хоёр эрхмийн хэнд нь итгэж, сонгуулийн хувь заяагаа даатгуулах нь тодорхойгүй байна. Удахгүй болох сонгуулиар намаа ялуулах уу, ялагдуулах уу гэдэг нь менежерийн ур чадвар, мэдлэг туршлагаас үлэмж хамаарна. Мөн ирэх дөрвөн жилд улс орноо хэрхэн хөгжүүлэх, иргэдийнхээ ахуй амьдралыг яаж өөд татах талаар тухайн намаас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр сонголтод нөлөөлөх нь мэдээж. Гэхдээ иргэд тэр олон хуудас амлалтыг нягтлан уншихгүй, сонирхох ч үгүй. Гагцхүү өөрийнх нь амьдралд хэрэгтэй, хөрсөн дээр буух ямар заалт байна, бас хуучных шигээ хоосон амлалт авч уу үгүй юү гэдгийг иргэд анзаарна. Тооцоо, үндэслэл сайтай мөрийн хөтөлбөртэй, ур чадвар, туршлагатай сонгуулийн менежертэй нам л олон хүний санал авна. Хэний удирдсан баг ялах нь сар гаруйхны дараа тодорхой болно.
С.ТУУЛ