Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Цахим үнэмлэх олгох сургаар иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн болон сунгуулах, шинээр авах гэж буй 64 мянга гаруй иргэн лавлагаа хэмээх цаастай сууж байгаа. Тэдний сонгох эрхийг хэрхэн хангах асуудлыг уг тогтоолд тусгасан юм. Төслийг танилцуулсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Одоо хүчин төгөлдөр байгаа иргэний үнэмлэхийг болон бэлдэц хэвлэх машиныг битүүмжлэн архивт шилжүүлсэн тул эдгээр иргэдэд олгох боломжгүй байна.
Сонгуулийн үеэр будлиан гаргахгүйн тулд хуучин үнэмлэх хэвлэж байсан 23 машин, 2500 ширхэг бэлдэц үйлдвэрлэх зориулалттай машиныг орон нутаг болон нийслэлээс хурааж авсан” гэв. Тиймээс тэдэнд цахим үнэмлэх олгох учиртай гэж Засгийн газар үзэж буй аж. Түрүүчээсээ ирүүлсэн хэдэн бэлдцээр цахим үнэмлэх хэвлэж буй ч сайдыг газар дээр нь очиж танилцахад 25 үнэмлэх хэвлээд л гурван гологдол гарч байсан гэнэ. 960 мянган бэлдэц авчрах гэрээтэй ч одоогоор таван удаагийн ачилт хийж, 472 мянга гаруйг хүлээж аваад байгаа аж. Гурван секундэд хоёр цахим үнэмлэх хэвлэхээр тооцож байсан ч бодит байдал дээр долоон секундэд нэгийг хэвлэж буй юм байна. Байдал иймэрхүү урагш муутай байгаа ч цахим үнэмлэхээ л хэвлэхээс өөр аргагүй гэж сайд учирлав.
СЕХ-ноос одоогийн иргэний үнэмлэхээр сонгууль явуулна, хурууны хээ таних төхөөрөмж ашиглана гэсэн тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж, Байнгын хороо дэмжчихсэн. Тэгвэл дунд нь хохирч үлдэх гээд буй 64 гаруй мянган иргэний асуудлыг ийм байдлаар зохицуулахаас аргагүй гэдэгтэй Байнгын хорооны гиш үүд олонхоороо санал нэгдэж, төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Хилийн чанад дахь сурталчилгааг яах вэ
СЕХ, ГХЯ-наас хамтран гаргасан Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах тухай журмыг танилцуулав. Гадаадад байгаа монгол иргэд улс төрийн аль нэг намд л санал өгнө. Гэхдээ зөвхөн манай улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг газарт л сонгох эрхээ эдэлнэ. Тэгэхээр улс төрийн сонгох эрхээ эдлэхийг хүссэн хүмүүс ЭСЯ, Консулын газар байрлаж буй хотыг зорих хэрэгтэй гэсэн үг. Хилийн чанадад амьдарч буй 35 мянга гаруй иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан. Тэгэхээр сонгох эрхийг тэдэнд л олгох аж.
Сонгуулийн бүртгэлд хамрагдахдаа биеэр ирэх ёстой хэмээн журамд заасан нь АН-ын гишүүдийн бухимдлыг төрүүлэв. Тэд “Шинэчилсэн бүртгэлд нэгэнт хамрагдчихсан иргэн сонгогчдын бүртгэлд бүртгүүлэхийн тулд хэдэн зуун км-ийн цаанаас нисэж ирэх нь. Тэгээд хэд хоногийн дараа саналаа өгөхөөр дахиад нисэх болох нь байна. Амиа тэжээх гэж ядаж байхад нь зардлаар “дарамтлах” ёсгүй” гэж үзэж байлаа. Үүний оронд имэйл, утсаар бүртгэчихээч гэсэн юм. СЕХ-ны дарга Н.Лувсанжав “Сонгогчдын бүртгэл бол нарийн зүйл. Тиймээс утсаар бүртгээд авчихаж бас болохгүй байгаа юм” гэлээ. Н.Алтанхуяг гишүүн “Энэ журмыг гаргахаас нь өмнө би анхааруулсан. Одоо энэ чинь гадаадад байгаа иргэдийн саналыг авахуулахгүй л гэсэн агуулгатай болсон байна” хэмээн шүүмжлэв.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Байнгын хорооны хуралд ирээгүй нь байдлыг улстөржүүлэхэд хүргэсэн. АНынхан “Г.Занданшатар хуулиас дээгүүр журам гаргадаг хэн юм” гэж байлаа. Мөн журамд “Гадаад улсын нутаг дэвсгэр дээр сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно” гэсэн заалт бий. Үүнийг юу гэж ойлгохыг тэд тодруулаад Н.Лувсанжаваас “Би хууль тайлбарлахгүй” гэсэн хариу сонсов. Ч.Сайханбилэг “Гадаад улсын нутаг дээр байгаа монгол иргэнийхээ гар дээр танилцуулга хуудас тавьбал яах юм” хэмээн ам асуув. Н.Лувсанжав бухимдаж, “Болно, болохгүй гэсэн хариу сонсох гээд зүтгээд байх юм. Намууд цахим хуудас ашиглан үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөө танилцуулах боломжтой” гэлээ.
С.ТУУЛ