Телевизийн аахар шаахар шоунд орсноос хавьгүй хурдан олноо алдарших байх шүү. Өөрийгөө нээх, өөрийгөө илэрхийлэх гэдэг чинь өөрийгөө хүндэлдэг хүн бүрийн төрөлх чанар буюу. Хувь хүний зүгээс харахад улс төрийн сонгуульд бие даан өрсөлдөнө гэдэг тэр бүр олдохгүй, уг нь их гоё боломж. 25-аас дээш настай, ял шийтгэлгүй, өр төлбөргүй, төрийн алба хашдаг бол түүнээсээ татгалзсан монгол хүн бүр “бие даах” боломжийг дөрвөн жилд нэг удаа ашиглах эрхтэй. Монгол Улсын 2.7 сая иргэний өмнө гараад “Намайг хар даа. Таны харж байгаа хүн бол БИ” гэж чангаар хэлэх боломж гагцхүү сонгуульд бие даан нэр дэвшигчдэд л байдаг. Гэтэл улс төрийн нам, эвслээс нэр дэвшигч сонгогчдодоо хандан “Би” гэж ярихын эрх чөлөөг эдэлж чаддаггүй. “Манай нам”, эсвэл “Бид” гэх учиртай. Сонгогдох эрхийн талбарт цор ганцаараа зогсоод өөрийнхөө хэн болохыг үзүүлээд өгөх зоригтой аавын хүү, ээжийн охин байна уу? УИХ-ын сонгууль сар гаруйн дараа болно.
Сонгуульд өрсөлдөх 11 нам, хоёр эвсэл батламжаа гардаж, дааж ядах аятай дамжлан одоцгоов. Уяагаа тасдаж гүйдэг адууных шиг эрх чөлөө одоо тэдэнд олдохгүй. Багийн тоглолтын хатуу дүрэмд захирагдахгүй бол тойрог байтугай “толгойгүй” хоцорно. Сонгуулийн хууль зоригт иргэдэд ч үйлчлээд эхэллээ. Бие даагчдыг бүртгэх зар “БИ” бүхэнд хүрээ болов уу. Тойргийн хороод энэ сарын 14-25-ныг дуустал сонгуульд бие даан өрсөлдөгчдийг бүртгэж байна, яаравчлаарай. Сонгуульд өрсөлдөхийг тань дэмжсэн 801 хүний гарын үсэг цуглуулахаа мартав аа. Гоё боломжийг ашиглан, улс төрийн “мангасуудтай” ач тач өрсөлдөж УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан иргэдийн цадиг түүхийг судлаад авахад илүүдэхгүй.
Намаасаа мандат авч чадаагүй боловч бие даан өрсөлдөж ялаад УИХ дахь бүлгийнхээ суудлыг нэмж өгсөн гавьяатай гишүүд МАХН-д ч, АН-д ч байдаг. Бие даагчийн ялалтад “сээтэн хаядаггүй” нам гэж байдаггүйг Парламентын түүх гэрчилнэ. УИХ-ын 1992 оны сонгуульд Монгол Улсын анхны бие даагч ялсан нь МАХНын угшилтай Г.Зуунай байлаа. 2000 онд “Би шүү” гэсээр гарч ирсэн Л.Гүндалай гон бие удаан яваагүй. Бүр АН-ын дэд даргын албанд очтолоо “намжиж” чадсан билээ. Өнөөдрийн байдлаар хамгийн сүүлчийн бие даагч гишүүн З.Алтай. УИХ-д бие даасан байдлаа хадгалж мөн л тэссэнгүй. Ганцаардмал байр сууриа ИЗ-НН-ын дэмжигч гишүүний статусаар солиод байна. Бие даагчдыг бүртгэж эхлээд тун удаагүй, бүртгэл дуусах хүртэл 10 хоногийн хугацаа үлдээд буй одоогийн байдлаар УИХ-ын сонгуульд өрсөлдөхөө зарласан “Би шүү” нэр дэвшигч хараахан алга. Гавьяат жүжигчин С.Жавхлан өнөөдөр хэвлэлийн хурал хийх юм байна. Нийтийн дууны “ханхүү” нэг юм дуулгах байх. УИХ-ын сонгуульд бие даагчдын сургийг тандвал эрчүүд голдуу сонсогдох юм.

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатарыг нийслэлийн Хан-Уул дүүрэгт дэвшинэ хэмээсэн андуу зүгтэй мессеж тархаад буй ч түүнийг яах аргагүй Дархан-Уулд хүч үзэхээр шийдэн, гарын үсгээ цуглуулаад дуусаж байгаа гэдгийг нь баттай өгүүлэх нэгэн байна. С.Ганбаатар энэ сонгуульд “бие даагч” гэсэн статустай оролцох боловч ИЗ-НН-ын “дэмжигч гишүүн” гэсэн харьяаллыг мөн давхар үүрч өрсөлдөх гэнэ. Үүгээрээ УИХ-ын гишүүн З.Алтай тэр хоёр ижилсэж байгаа аж. “Мон Уран”-ы Б.Наранхүү Дундговийн тойрогт “БИ” болж өрсөлдөх тухай сураг өнгөрсөн зунаас тархсан даруйдаа том намуудын горилогчдыг “сүрдүүлж” эхэлсэн. Гэвч АН түүнд бие даах боломж олгохгүй бололтой. Дундговийн АН-ын хороотой зүү орох зайгүй “тэврэлдэх” болсон дуулдана лээ.
Б.Наранхүүг “Энэ бол БИ” гэж хэлсэн хэлээгүй, найр наадмын хорхойтой Дундговийн сонгогчид амгалан төрийн ажнай хүлгээр нь зүслэх дэг. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн “статус” маргаантай байна. МАН-ын хүн биш болсон тэрбээр өөрийгөө МАХН-аас сонгуульд өрсөлдөнө гэж хэлж зүрхлэхгүй яваа. Тиймээс Ц.Даваасүрэн гишүүн Хөвсгөлийн тойргоо ч сольж мэдэхээр, бие даан нэр дэвшиж ч мэдэхээр, ер нь нэлээд эгзэгтэй сонгуульдах төлөвтэй. Түүний мэдэрч буй “зовлон” хүний эрхийн хуульч М.Ичинноровт ч тохиолдоод байгаа. Түүнийг МАН-аас гарсан гэдгээр нь МАХН-ын гишүүн болсонд тооцох аргагүй. Аягүй л бол сонгуульд бие даан өрсөлдөж таарах болов уу.
Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан, хошууч генерал Д.Чимэд-Юндэн төрөлх Завхан аймагтаа бие даагчаар очиж, хэн болохоо харуулаад өгөхөөр шийдсэн сурагтай. Ерөөс тагнуулч хүн аль нэг намын өмнөөс улс төр хийнэ гэдэг бодоход ч ёс зүйгүй хэрэг. Ховдоос хоёр ч “БИ”-гийн сураг дуулдана. “Гаалийн” гэж олноо нэршсэн Ш.Адьшаа, Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциацийн дэд тэргүүн, 25 настайгаараа хамгийн залуу нэр дэвшигчид тооцогдож буй Э.Галбадрал нар баруун хязгаарт бие даах гэнэ. Бие даагчдад амжилт хүсэх ялдамд сайхан жишээ татаж, ерөөл дэвшүүлье гэж бодлоо. Сөүл хотын 10 сая иргэн өнгөрсөн оны аравдугаар сард түүхэндээ анх удаа нам бус, бие даан нэр дэвшигчийг хотын даргаараа сонгосон. Бие даагч Пак Вон Сүн “Хотын иргэд маань хоцрогдсон үеийг ялж чадлаа” хэмээгээд “Би Сөүлд шинэ цагийг авчирлаа” гэж хэлжээ. Бие даана гэдэг ч гоё боломж л доо.