- Г.Мөнхбаяр VS Э.Бат-Үүл -
УИХ-ын сонгуулийн өмнөх дуулиантай мөчөөрхөх нэгэн мэдэгдлийг хотын дарга Г.Мөнхбаяр хийлээ. Эрх баригч намаас УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдүүлэхээр “зүсэлсэн” хэдэн нэр дэвшигчийн нэгд Мээр баараггүй тооцогдож ирсэн тул гэнэтийн мэдээ болов. Ерөөс манай хотын даргаар ажилласан хүн болгоны дараагийн суудал нь УИХ-ын танхимд бэлэн засаатай хүлээж байдаг бичигдээгүй хууль бий. Гэтэл тэрбээр өчигдөр “Би УИХ-ын сонгуульд дэвшихгүй” хэмээн амьтан хүн цочоохгүй гэсэн аятай чимээгүй хэн шиг зарлалаа.
Хотын даргын ёсорхуу бус гэхэд тун ч энгийнээр өгүүлсэн энэ мэдэгдэл араасаа харин нийслэлийн иргэдийн анхаарлыг соронздож байна. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй гэдэг нь “Ирэх сард зөвхөн УИХ-ын сонгууль болохгүй” гэдэгтэй агаар нэг сонсогдов.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураах өдөр УИХ-ынхтай нэг өдөр зэрэгцэж байгаа боловч Улаанбаатарын сонгогчдын анхаарал өнөөдрийг хүртэл том улс төр рүү нь илт хэлбийн, хамар доорх орон гэрийнхээ асуудлаас сарниад байсан юм. Сонгууль гэхээр л дараагийн 76-д хэн дэвших тухайд нүдээ унагаж, Н.Энхбаярын дуулианд чихээ соотойлгож буй Улаанбаатар хот ын хон одоо “сэрвэл” яасан юм, хот орныхоо ахуй амьдралыг санавал таарна. Арай ч дээ, сая гаруй хүнтэй нийслэлийнхээ Парламентад УИХ-ын гишүүдийг хол хаясан хариуцлага тай хүмүүсийг ажиллуулахаа бодоцгооё. Г.Мөнхбаяр УИХ-д өрсөлдөхөө болиод сансарт ниснэ үү, гэртээ сууна уу, түүний л хэрэг. Гэвч засаг захиргааг нь дөрвөн жил даргалсан Улаанбаатарт АН, МАН-ын ач тач тулаан юу юугүй болох гэж байхад одоогийн Мээр тэтгэвэрт гарах шийдвэр гаргахгүй гэдэг хэнд ч ойлгомжтой.
Г.Мөнхбаяр дөрвөн уулын дунд болох тулааны талбарт хүч үзэхийн тулд УИХ-ын сонгуулиас татгалзсан. Тэрбээр НИТХ-ын сонгуульд МАН-ын барьж орох туг нь болж таарна. Нам нь ялбал Улаанбаатар хотын Захирагчаар улирах нь ч дамжиггүй. АН-ыг төлөөлж Мээртэй өрсөлдөх хүн эрт тодорсон. Хотынхны аж төрөхүйн тулд “мэргэн” санаануудаа харамгүй зориулсаар бүтэн улирлыг элээж буй Э.Бат-Үүл. Улсын баатар, УИХын гишүүн Э.Бат-үүл Улаанбаатарын дараагийн Захирагч болох алсын төлөвлөгөөтэйгөөр УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ хамгийн түрүүнд зарласан билээ. Одоо тэрбээр “Газар” хэмээх хөдөлгөөн байгуулсан. Ам л ангайвал хотын амьдрал, гэр хорооллыг соёлжуулах инженерийн шийдлийг ярих болсон. НЗДТГ-ыг удирдах өдрөө хүлээн, ажлыг нь хөндлөнгөөс нэвт шувт харж эхэлсэн.
УИХ-ын сонгуульд унасан, өвдөг нь шороотой хүмүүс буцахдаа буудаг НИТХ-д нийслэлчүүд “Баяртай” гэж хэлэх цаг айсуй гэдгийг АН-ын Э.Бат-Үүл, МАН-ын Г.Мөнхбаяр нар оройлон тунхаглаж байгаад талархах хэрэгтэй ч байх. Тэдний халз тулаан нийслэлийн Парламентын сонгуулийг өрсөлдөөнтэй болгох нь. АН түүхэндээ ганцхан удаа НИТХ-ын сонгуульд олонх болж, Ж.Наранцацралт агсан Улаанбаатар хотын Засаг даргаар ажилласан билээ. Түүнээс хойш 12 жил АН нийслэлийн Парламентад цөөнх байв. Харин энэ удаа тэд УИХ-ынхаас том найдвараа НИТХ-ын сонгуульд өгөх болсон. Тиймдээ шинэ Мээрээр Э.Бат-Үүлийг урьдчилан “томилоод”, тулаанд бэлтгэн хөдөлж байгаа. МАН-ын хувьд хотын захиргааны бүхий л шатанд сүүлийн арван жил ажиллав.
Их хотын амьдралыг энэ намтай холбон ойлгож болно гэсэн үг. Сайн нь ч, саар нь ч эдний хийсэн ажил, гаргасан шийдвэртэй шууд холбоотой. Энэ нь МАН-ыг баалах АН-ын гол тоглолт болох нь дамжиггүй. НИТХ-ын сонгуульд намынхаа нүүр царай, туг бамбай болж өөд өөдөөсөө халз тулах хоёр эрхмийн хэн нь хэн бэ? Одоогийн Мээр Г.Мөнхбаяр Ховд нутгийн хүү. Дээд сургуулийн ширээнээс босмогцоо л хотын захиргаанаас ажлын гараагаа эхэлжээ. Слесариас инженер, хожим Захирагч болтлоо өндийсөн хүн энэ хотод юу эсийг бүтээсэн, юу эс нь бүтэлгүйтсэн гээд Улаанбаатарын сүүлийн 30-аад жилийн түүхийн салшгүй хэсэг болжээ. Э.Бат-Үүл Улаанбаатарын унаган иргэн. Дөчин мянгатын цементэн дээр тоглож өссөн хүүхэд. Дээд сургуулиа дүүргээд дунд сургуулийн багшаас ажлын гараагаа эхэлж, дээд сургуулийн багш, хожим том улстөрч болтлоо өндийсөн энэ хүн Монголын ардчилалд Баатар болтлоо зүтгэжээ. Улаанбаатарын тулааны түүчээ инженер Г.Мөнхбаяр, улстөрч Э.Бат- Үүлийн хооронд эхэллээ.
Б.ЭНХЦЭЦЭГ