Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Байгаль орчны багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэ багцад байгаль орчныг хамгаалах, агаар, ус, ой, хөрс хамгаалах, эдгээрийг бохирдуулсны төлбөр, хог хаягдал гэх мэт бүх асуудлыг цогцоор авч үзэхээр хичээсэн байна. Эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд тавих хяналт, хариуцлагыг анхаарах ёстойг энэ үеэр гишүүд сануулсан.
Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн. Энэ хуулийн хэрэгжих хугацаа ирэх оны тавдугаар сарын 1-нд дуусна. Гэтэл хуулийг анх баталсан 2002 оноос хойш өнөөг хүртэл нийт хүн амын 10 хувь нь л газраа өмчилж авсан аж.
Хэрэгжүүлэх ажил ийм хангалтгүй байгаа учраас хугацааг дахин таван жилээр сунгахаар нэмэлт, өөрчлөлтийн төсөл оруулж ирсэн юм. Гишүүдийн олонхийн саналаар энэхүү хуулийн хэрэгжих хугацааг 2018 он хүртэл сунгахыг дэмжлээ.
С.УУЛ