Францын Төрийн тэргүүн Франсуа Олланд уржигдар Ерөнхийлөгчийн тангараг өргөж, ажлаа хүлээн авлаа. Парисийн Елисейн ордонд болсон тангараг өргөх ёслолын үеэр Ерөнхийлөгч асан Николя Саркози ажлаа хүлээлгэн өгч, Төрийн шинэ тэргүүнд амжилт хүссэн байна. Ёслолын дараа Ф.Олланд шинэ Ерөнхий сайдын нэрийг нийтэд зарлажээ. 1997 оноос хойш Парламент дахь социалистуудын фракцыг ахалж байсан Жан-Марк Айрог Засгийн газрын тэргүүнээр томиллоо.
Франсуа Олландын гол өрсөлдөгч хэмээгддэг Жан-Марк Айро Нант хотын даргаар дөрвөн удаа сонгогдон ажилласан. Тангараг өргөснийхөө дараа Франсуа Олланд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркельтэй уулзахаар Берлин рүү ниссэн байна. “Reuters” мэдээлснээр, Ерөнхийлөгчийн сууж явсан онгоц газраас хөөрснөөс хойш дөрвөн минутын дараа аянганд өртсөн аж. Азаар онгоцонд сууж явсан хүмүүс гэмтэж, бэртээгүй гэнэ.
Энэ явдлын дараа онгоц Виллакубле сууринд бууж, Ерөнхийлөгчөөр онгоцоор Герман руу нисчээ. Францын шинэ Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа А.Меркель “Грект үүсэн нөхцөл байдлыг харахад тус улс евро бүсэд үлдэх ёстой гэж бид үзэж байна. Өрийн хямралыг даван туулахад грекчүүдэд ХБНГУ, Франц бүх талаар тусална” хэмээн мэдэгдлээ. Евро бүсийн төсөв танах бодлогыг эргэж харах, дахин хэлэлцэх шаардлагатай хэмээн Ф.Олланд үзэж байгаа юм.
Х.ОД