Орчин үеийн хөлбөмбөгийн тун сонирхолтой хувь хүний нэг нь Рауль Мейрелеш. Португалийн шигшээ болон Английн
“Челси”-д хүчин зүтгэж буй Рауль Мейрелешийг талбайд элдэв болчимгүй үйлдэл огт хийдэггүй, сахилга бат сайтай хөлбөмбөгч гэж үздэг. Гэхдээ гадаад төрх нь түүнээс яагаад ч юм болохгүй зүйл гарах ёстой юм шиг сэтгэгдлийг олон нийтэд төрүүлдэг ажээ. Учир нь түүний биеэр дүүрэн шивээс бий. 18 настайгаасаа л Рауль шивээст шимтэж, биеэ эрээлж эхэлсэн юм. Гэхдээ ганцаараа ч биш бүр эхнэрийнхээ хамт шүү.
Мейрелеш нэг найзтайгаа хамт хөлбөмбөг тоглож байхад нэгэн аятайхан бүсгүй байнга ирж харах болжээ. Найзынх нь хамаатны охин гэдгийг мэдсэн даруйдаа Мейрелеш танилцахыг хүсч, удалгүй тэд хамтдаа амьдарч эхэлсэн байна. Мейрелешийн эхнэрийг Ивон гэдэг. Тэд Лара хэмээх хөөрхөн охинтой. Рауль Мейрелеш шивээсийг урлаг гэж үздэг. Тиймдээ ч ар нуруундаа луу шивүүлж, зүүн мөрөндөө эхнэрийнхээ дүрийг бүтээлгэжээ. Мөн португал эр моодыг маш нарийн мэдэрдэг гэнэ. “Рауль моодны чиг хандлагыг гайхалтай мэдэрдэг. Хөлбөмбөгч хүн гэхэд шинэ соргог, сонин содон хувцаслалтыг байнга анзаарч, орчин үетэйгээ хөл нийлүүлэхийг тэр хүсдэг. Тэгээд ч тийм байж чаддаг” гэж эхнэр Ивон нь нөхрөө магтжээ.
Раулийн гадаад төрх түүнээс гэнэтийн, болчимгүй үйлдэл гарах ёстой юм шиг сэтгэгдэл төрүүлдэг тухайд харин ийн өгүүлжээ. “Миний гадаад төрх хүмүүст тэгж санагддаг байж болох л юм. Над шиг биеэрээ дүүрэн шивээстэй хүмүүс заавал хүчирхийлэл, болчимгүй үйлдлийн боол байх албагүй. Англид эрч хүчтэй, хааяа хэрэг тарьчихдаг хөлбөмбөгчдөд дуртай гэдгийг би мэднэ. Гэхдээ би тийм хүн биш. Надад үүнээс өөр олон сайн тал бий. Энэ сайн талууд намайг хөлбөмбөгчийн замналаа амжилттай үргэлжлүүлж, сайхан амьдрахад минь тусалдаг” гэж Рауль Мейрелеш өгүүлжээ.
Мейрелеш бол Ливерпулийг Лондоноор сольж чадсан цөөхөн хөлбөмбөгчдийн нэг. Хэдийгээр 50 саяын Торресийн тухай түлхүү яригддаг ч гэсэн Мейрелеш хөлбөмбөгчийн хувьд албан үүргээ үргэлж ёс журмаар нь биелүүлж чаддаг нэгэн. “Надад Лондон дахь амьдрал таалагддаг. Энд хэн ч бусдын хэрэгт хошуу дүрж, айлын цонх руу өнгийдөггүй. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийн цугларалт болж буй юм шиг Лондон хот сайхан” гэж Рауль Мейрелеш “Челси”- гийн өлгийг бахаджээ. Рауль бусад хөлбөмбөгчид шиг багаасаа нэрд гарч, авьяас нь тодорчихсонгүй. 15 нас хүртлээ хөлбөмбөгч болох уу, эсвэл механикч хийх үү гэж эргэлзэж явж. “Эцэг минь намайг зүгээр суухаар хөлбөмбөг тоглож байг гэж бодсон байх.
Тиймээс л хөлбөмбөгийн дугуйланд бүртгүүлсэн биз. Тэр хүртэл хөлбөмбөгч гэж юу байдгийг анзааралгүй явжээ. Эхнээсээ л би олны анхаарлыг гойд татаагүй. Хөлбөмбөгийн бэлтгэлийнхээ хажуугаар механикчаар сурч, ажиллаж байлаа. Ашгүй хоёуланг нь амжуулаад байсан. Тэгэхээр хөлбөмбөгч болоогүй бол механикч хийгээд явж байх биз дээ” гэж Рауль Мейрелеш ярьсан байна. “Ливерпуль”-ийг хамгийн хүнд үед нь гоолоор тэтгэж, “Челси”-г Аваргуудын лигийн аваргын төлөөх тоглолтод үлдэхэд талбайн төвийг хариуцаж яваа Рауль Мейрелеш биеэрээ дүүрэн шивээстэй ч үл бүтэх этгээд биш гэдийг нотолж чадаж буй эр юм.
Р.ГЭГЭЭ