УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Засгийн газар 2013 оны өмнөх хоёр болон дараагийн гурван жилийн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн төсөөлөл, түүнд суурилсан төсвийн орлого, зарлага, эх үүсвэр, улсын өрийн үзүүлэлтийг Монгол Улсын төсөв, санхүүгийн нөөцтэй уялдуулж боловсруулсан байна. Ингэхдээ ДНБ-ий өсөлтийг 20 хувь байна хэмээн өөдрөгөөр тооцжээ.
Ирэх онд Оюутолгойн ордын үйлдвэрлэл ашиглалтад орох учраас ийм төсөөлөл гаргасан юм байна. 2013 онд төсвийн орлого ДНБ-ий 39.2, зарлага 41.2, хөрөнгө оруулалт 17.3 хувьтай тэнцэхээр байна гэж үзсэн аж. ДНБ-ий өсөлтийг ийм өндрөөр авч үзсэний учрыг гишүүд асуув. Хавар нь төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөл гэж баталдаг атлаа намар төсөв боловсруулж оруулж ирэхдээ өнөөхөөсөө огт өөр болгочихсон байдгийг ч шүүмжилсэн. Тэгвэл ирэх оны төсвийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд боловсруулах учир тиймэрх үү алдаа гарахгүйг Сангийн сайд хэлнэ лээ. Гэхдээ боловсруулаад оруулаад ирсэн төсвийг УИХ өөрчлөөд, баахан зардал нэмчихдэгээ л анхаарах ёстой гэнэ. Хуулийн бүх шаардлагад нийцүүлсэн төсөл боловсруулсан аж.
Монгол Улсын гадаад өрийн хэмжээ хэд байгаа, хэд нь хувийн хэвшлийн болоод Засгийн газрынх вэ гэдгийг Н.Батбаяр асуусан. Тэрбээр уг өрийн задаргааг хүссэн ч Монголбанк “нууц” гээд өгөөгүй аж. Сангийн сайд түүнд “Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар манай улсын гадаад өр 2.6 их наяд төгрөг байна. Үүнийг гишүүдэд танилцуулсан. Засгийн газар ямар нэг өр, зээлийг нуугаагүй, тэгэх шаардлагагүй” гэсэн хариу өгөв. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан “Нийт гадаад өрийн хэмжээ 9.6 тэрбум доллар. Үүний 1.9 тэрбум нь Засгийн газрын , 267 сая нь Монголбанкны зээл байна” гэлээ. Тэрбээр мөн “Цаашид гадаад өрийн хязгаарыг тогтоохгүй бол үүнээс болж Европын холбооны улс орнууд асуудалд орж байгаа” хэмээн сануулсан юм.
ДЦС-V барих ажил юу болж байгааг Ц.Батбаяр асуухад Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Тендерт оролцсон 11 компаниас хоёр нь үлдсэн. Ажлаа зургаадугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байна” гэлээ. Салбар бүр төсвийн мөнгөөр элдэв форум зохион байгуулж, дэмий зардал гаргаж байгааг Н.Ганбямба шүүмжлэв. Иймэрхүү үр дүнгүй зардлыг танах юм бол ДНБ-д зарлагын эзлэх хэмжээг 30 хувь руу буулгах боломжтой гэж тэр үзэж байлаа. Ирэх онд инфляцыг 9.8 хувь байхаар төсөөлж буй юм байна. Гишүүн Д.Ганхуяг төсвийн хүрээний мэдэгдлийг 2011 оныхтой харьцуулж үзсэн аж. 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэлд зардал тэр үеийнхээс 39.3 хувиар өссөн байна гэнэ.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл эцэст нь өнгөрсөн дөрвөн жилд эдийн засаг, санхүүгийн хямралыг давж, мөн түүхэндээ байгаагүй том тоотой төсөв баталдаг болсныг сануулав. Бас “Эдийн засаг, түүний өсөлт болон инфляцын бодлогыг бид зөв авч явсан. Энэ бол хамтарсан Засгийн газрын ажлын үр дүн байлаа” гэсэн юм. Төслийг хэлэлцэхийг гишүүд дэмжсэн.
С.ТУУЛ