УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдаанаар улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байлаа. Гишүүд асуулт тавихаар нэрээ өгчихөөд одоцгоосон тул танхимд хүн цөөн байсан юм. УИХ-ын дарга нэрсийг дуудаад “Алга байна” гээд явж байснаа Ц.Батбаяр гишүүнийг дуудав. Тэгээд хариу сонсолгүй “За байхгүй байна” гэлээ. Уг нь эрхэм гишүүн яг өөдөөс нь хараад суудаг, суудал дээрээ байж байсан юм. Ц.Батбаярыг алгасаад явах гэтэл заргалдаж байж эрхээ аваад “Таны хараа муудчихсан юм уу. Бүхэл бүтэн хүн өөдөөс нь хараад сууж байхад “Алга” гээд байх юм” хэмээн гомдоллов.