Монголын даамын холбооны календарьт тусгагдсан хамгийн том арга хэмжээ болох улсын аварга шалгаруулах
шигшээ тэмцээн энэ сарын 11-19-нд “Сүнжин гранд” зочид буудалд боллоо. Эрэгтэйчүүдийн 37, бүсгүйчүүдийн хувьд 24 дэх удаагаа зохиогдсон тус тэмцээний гол зорилго нь ирэх наймдугаар сард Францын Лилль хотноо болох Дэлхийн оюуны спортын II наадам, есдүгээр сард Малайзын нийслэл Куала-Лумпурт зохиогдох Азийн АШТ-д оролцох тамирчдыг тодруулахад оршиж байлаа. Мөн Дэлхийн даамын холбооны (FMJD)-ы хуваарьт багтаж, оролцсон бүх тамирчдад гадаад чансаа бодогдох байсан гэдэг утгаараа цагийн хяналт, дотоод журам нь олон улсын жишгийн дагуу (үндсэн цаг 80 минут, нүүдэл болгонд 1 минут нэмэгддэг) болсон юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд ноднингийн медальтнууд болон хагас шигшээ шатнаас шалгарсан нийт 16 даамчин тойргийн журмаар өрсөлдөхөд “Скайтел” компанийн тамирчин ОУМ Отгонбаярын Түвшинболд 23 оноогоор (10 хожиж, 3 тэнцэн, 2 хожигдсон) тасархай тэргүүлж, улсын хошой аварга боллоо. Тэрбээр 2000 онд улсын аваргад анх удаа түрүүлж байсан юм. ДДХМ Д.Баттулга, Р.Манлай нар адилхан 21 оноотой гарснаас цэвэр хожлын илүүгээр Р.Манлай улсын аваргын гурав дахь мөнгөн медалиа хүртлээ. Тэрбээр 2007 онд түрүүлж, 2008, 2009 онд мөнгө, 1995 онд хүрэл медаль хүртэж байжээ.
Харин Д.Баттулгын хувьд УАШТ-ий таван мөнгө, гурван хүрэл дээрээ дахин нэгийг нэмлээ. Харин Ази тивийн дөрөв, Монгол Улсын 10 удаагийн аварга ОУИМ Д.Эрдэнэбилэг 20 оноогоор дөрөвдүгээр байр эзэлсэн байна. Гавьяат тамирчин маань тэмцээний туршид хоёр ч ялагдал хүлээн, зургаан өрсөлдөгчтэйгээ оноо хуваасан нь эцсийн дүнд ийн нөлөөлжээ. “Айргийн зургаа” буюу Азийн АШТ-д оролцох эрхийн бүсэд дэд мастер Ц.Отгонбилэг, спортын мастер Ц.Хашчулуун нар багтаж чадлаа. Ялангуяа 16 настай тоглогч Ц.Отгонбилэг ДДХМ Р.Манлай, спортын мастер С.Даваадорж, Ц.Балжиннням, Ц.Хашчулуун нарын туршлагатай тоглогчдыг буулган авч, дуулиан тарив. Энэ амжилтаараа тэрбээр спортын мастер цолны болзлыг хангасан юм.
Бүсгүйчүүдийн ангилалд 14 тоглогч тойргоор өрсөлдсөн бөгөөд тэмцээнийг дунд үеэс эхлэн тэргүүлсэн 2008 оны улсын аварга, спортын мастер Батдэлгэрийн Нандинцэцэг сүүлчийн шийдвэрлэх өрөгтөө Монголын ¹1 чансаатай тоглогч Э.Мандахнарантай тэнцсэнээр хоёр дахь удаагаа түрүүллээ. Хэрвээ Мандахнаран түүнийг хожсон бол гурван ч тоглогчийн хооронд аваргын төлөөх нэмэлт тоглолт болох байсан. Мөнгөн медалийг энэ оны хагас шигшээ тэмцээний аварга, спортын мастер С.Нямгэрэл 20, хүрлийг улсын хошой аварга Ц.Энхзаяа 19 оноогоор тус тус хүртсэн.
Тэмцээнийг “MCS Electronics”, “Арвайн үндэс”, “ABB Consulting” компаниуд ивээн тэтгэсэн бөгөөд оролцсон бүх тамирчдыг “Могул” брэндийн бараа бүтээгдэхүүнээр шагналаа Мөн тоглогчдод авсан оноондоо харгалзах хожлын мөнгийг олгосон. Мөн энэ үеэр БТСГ-аас спортын мастер М.Хишигбаяр, Д.Энхтуул, С.Саранцэцэг нарыг Биеийн тамир, спорт үүсч хөгжсөний 90 жилийн ойн медалиар, МҮОХ-ноос спортын мастер Д.Ганболд, С.Даваадорж нарыг дурсгалын алтан медалиараа энгэрийг нь мялаасан юм.
.jpg)
.jpg)

А.ЭРДЭНЭБОЛД