Криштиану Роналду, Лео Месси гэсэн хоёр супер тоглогчийн хооронд өрнөсөн мэргэн буучийн өрсөлдөөн нь хөлбөмбөгийн ертөнцийн нэгэн онцгой үйл явдал болоод байна. Тиймээс тэднээс гадна нэг улиралд гоолын бороо оруулж байсан Европын лигүүдийн түүхэн дэх шилдэг довтлогчдын талаар товч өгүүлье.
21.СЭМ ИНГЛИШ («РЕЙНЖЕРС»)- 1931-1932
53 гоол (44-лигийн тэмцээн, 9-цомын тэмцээн) Инглиш хэмээх энэ ирланд тоглогч хөлбөмбөгчийн замналаа Шотландаас эхлүүлжээ. Тэрбээр дээд түвшний тоглогч болж хараахан чадаагүй, түүнээс гадна нэгэн харамсалтай явдал түүний намтарт бий, тэр юу гэвэл түүнтэй мөргөлдсөний улмаас “Селтик” багийн хаалгач нас нөгчсөн юм. Гэхдээ тэрхүү улирал Инглишийн хувьд хамгийн шилдэг нь болсон бөгөөд гоол бөөндөх бахдам авьяасынхаа ачаар “Рейнжерс”-ээс “Ливерпуль”-д зарагдаж байв. Сэм 28 насандаа “Хартпул Юнайтед” багт тоглож байгаад зодог тайлжээ.
20.ХЕНРИК ЛАРССОН («СЕЛТИК)- 2000-01
53 гоол (35-лиг, 9-цом, 4-евроцом, 5-бусад тэмцээн) Шведийн домогт довтлогч маань «Селтик»-т өнгөрүүлсэн 7 улирлынхаа 6-д нь гоолын ер бусын мэдрэмжтэй тоглогч гэдгээ нотлон харуулсан билээ. Ялангуяа энэхүү улиралд 53 гоол оруулснаар Алтан шаахайн эзэн болсон юм. 19.КРИШТИАНУ РОНАЛДУ («РЕАЛ»)-2010-11 53 гоол (40-лиг, 7-цом, 6-евроцом) Жил ирэх тусам португал тоглогч улам л олон гоол оруулах болжээ. Өнгөрсөн жил тэрбээр 53 гоол оруулсан.
18.ЛИОНЕЛЬ МЕССИ («БАРСЕЛОНА»)-2010-11
53 гоол (31-лиг, 7-цом, 12- евроцом, 3-бусад тэмцээн) Өнгөрсөн улиралд Испанийн дээд лигийн мэргэн буучийн титэм Роналдуд ирсэн ч Месси бусад тэмцээнүүдэд хангалттай олон гоол оруулсаныхаа ачаар нийт гоолын тоо нь португал тоглогчтой тэнцэж чадсан юм.
17.МАРИО ЖАРДЕЛ («ПОРТУ»)-1999-00
54 гоол (38-лиг, 6-цом, 10- евроцом)
16.МАРИО ЖАРДЕЛ («СПОРТИНГ»)-2001-02
55 гоол (42-лиг, 7-цом, 6-евроцом) Жарделийн хоёр гайхалтай Португалийн хоёр өөр баг, хоёр шаахай. Хачирхалтай нь мэргэн маань Бразилийн шигшээд ийм оруулаагүй, дөнгөж ганцхан гоолтой гээд бодогтун. Өнгөрсөн жил 38 настай Марио Жардел зодог тайлсан билээ.
15.ДЬЮЛА ЖЕНГЕЛЛЕР («УЙПЕШТ»)-1938-39
56 гоол (56-лиг) «Профессор» Дьюла Женгеллер бол Дэлхийн II дайнаас өмнөх Европын хамгийн шилдэг довтлогчдын нэг юм. Тэрбээр Унгарын хүчирхэг шигшээд ч гялалзаж байсан. Харин “Уйпешт” багийн төлөө 303 тоглолтод оролцохдоо 368 гоол оруулсан түүхтэй.
14.ЖО БЭМБРИК («ЛИНФИЛД»)-1929-30
57 гоол (50-лиг, 7-цом) Өнгөрсөн зууны 20- 30-аад онд Ирландын тааруувтар лигт сайн тоглогч од болон гялалзахад хэцүү биш байжээ. Чухам энэ боломжыг Жо ашигласан бөгөөд ингэж гялалзсаныхаа ачаар Лондонгийн “Челси” багт ирж байсан юм.
13.ЖИМ ФОРРЕСТ («РЕЙНЖЕРС»)-1964-65
57 гоол (57-лиг) 57 гоол! Их Британы лигт үүнээс олон гоолыг ганцхан Дикси Дин («Эвертон») л оруулсан, гэхдээ энэ үедээ Жим Форрес дөнгөж 20 настай байсныг сануулъя. Даанч дэндүү залуудаа цоорсон залуу маань цаашид үүнтэйгээ зэрэгцэх амжилтыг үзүүлж чадсангүй. ӨАБНУ, Хонконг, АНУ-д ч тэр сайн тоглоогүй юм.
12.ЖИММИ МАКГРОРИ («СЕЛТИК»)-1926-27
59 гоол (48-лиг, 9-цом, 2-бусад тэмцээн) Британы хөлбөмбөгийн түүхэн дэх шилдэг мэргэн буучийн нэг маань «Селтик» багийн төлөө 15 жил тоглохдоо 501 тоглолтод 522 гоол оруулсан сүрдэм амжилт үзүүлжээ. Ялангуяа 1926-27 оны улиралд дэндүү цоорчээ.
11.ФРЕД РОБЕРТС («ГЛЕНТОРАН»)-1930-31
59 гоол (55-лиг, 4-цом) Нэг улиралд 59 гоол оруулж чадсан Британы бас нэг мэргэн бууч.
10.ФЕРЕНЦ ДЕАК («ФЕРЕНЦВАРОШ»)-1948-49
59 гоол (59-лиг) Ференц Деак нь Дьюл Женгеллерийн нэгэн адил Унгарын хөлбөмбөгт 30- 40-өөд онд од болон гялалзаж байлаа. Гэхдээ эдгээр 59 гоол түүний хувьд хамгийн дурсамжтай, мундаг амжилт нь биш гээд бодогтун.
9.КРИШТИАНУ РОНАЛДУ («РЕАЛ»)- 2011-12
59 гоол (45-лиг, 3-цом, 10-евроцом, 1-бусад тэмцээн) Криштиану Роналдуд энэхүү байраа ахиад урагшлуулах боломж хангалттай байсан. Гэхдээ орчин цагийн хөлбөмбөгт 59 гоол оруулаад байгаа нь ч өөрөө агуу амжилтад тооцогдох билээ.
8.РЕФИК РЕСМЬЯ («ПАРТИЗАНИ»)- 1950-51
59+ гоол (59-лиг, ?-цом) Европын шилдэг бомбардируудын жагсаалтанд Рефик Ресмья хэмээх албани тоглогч багтдаг. 1950-51 оны улиралд хэний ч үл таних энэ тоглогч ердөө 23 тоглолтод 59 гоол оруулсан ажээ. Гэхдээ баг нь аварга болж хараахан чадаагүй. Түүнээс гадна Албанийн цомын тэмцээний тоглолтуудын бүрэн статистик байхгүй тул тэрбээр өөр хэдэн гоол оруулсан нь одоог хүртэл тодорхойгүй үлджээ.
7.ЖИММИ МАКГЛОРИ («СЕЛТИК»)- 1927-28
62 гоол (47-лиг, 6-цом, 9-бусад тэмцээн) Энэ удаад Жимми Макглори 59 гоол оруулсан хувийн дээд амжилтаа ахиулж өмнөхөөсөө 3 гоол илүү оруулжээ.
6.АЛЕКСАНДР ЧЕКУЛАЕВ («ТРАНС» БОЛОН «ВАЛЛЕТТА»)-2011-12
62 гоол (46+4-лиг, 10+2-цом) Энэ улиралд хөлбөмбөг сонирхдог хүн болгон л Месси, Роналду гэж шуугиж, Александе Чекулаев хэмээх даруухан латви тоглогчийг мартаад байна. 2011 онд Нарвийн “Транс” багийн төлөө Эстонийн лиг болон цомын тэмцээнд тэрбээр 56 гоол оруулснаас гадна Мальтад “Валлетт” багийн төлөө тоглолтод ахин 6 гоол оруулжээ. Эдгээрийг нэмбэл дээрх сүрдэм статистик гарч ирнэ. Эдгээр улсын аварга шалгаруулах тэмцээн нь өөр системээр явагддаг ч улирал нь европ стандартаар нэг юм.
5.ДИКСИ ДИН («ЭВЕРТОН»)- 1927-28
63 гоол (60-лиг, 3-цом) Ливерпулийн “Эвертон” багийн домогт довтлогч маань харгис ширүүн тоглох дуртай нэгэн байлаа. Түүнээс гадна тэр гоол оруулах бүр ч дуртай байсан агаад “Эвертон”-ы төлөө нийт 433 тоглолтод 383 гоол оруулсан нь үүнийг гэрчилнэ. Тэрбээр нийтдээ 37 удаа хет-трик хийсэн юм. 1980 оны гуравдугаар сард Дин “Гудисон Парк”-т болсон Ливерпулийн дербиг үзэж байгаад зүрхний шигдээсийн улмаас цэнгэлдэхэд амьсгал хураасан түүхтэй. Тэр тоглолтод “Эвертон” ялагдсан юм. Түүний шарилын чулуун дээр “хөлбөмбөгч, жентелмэн, эвертонч” гэсэн бичээс бий.
4.ДЬЮЛА ЖЕНГЕЛЛЕР («УЙПЕШТ»)-1945-46
65 гоол (65-лиг)
3.ФЕРЕНЦ ДЕАК («СЕНТЛЕРИНЦ»)-1945-46
66 гоол (66-лиг) 1945-46 оны улирлын Унгарын аварга шалгаруулах тэмцээний үеэр онцгой нөхцөл байдал үүсчээ. Учир нь хоёр алдартай мэргэн бууч болох Женгеллер, Деакийн хооронд хэн нь олон гоол оруулахын төлөөх хувийн өрсөлдөөн гаарчээ. Эцсийн үр дүнд хэн хэн нь “ялагч” болсон, учир нь Деак мэргэн бууч болсон бол Женгеллерийн “Уйпешт” баг улсын аваргаар тодорсон.
2.ГЕРД МЮЛЛЕР («БАВАРИ»)- 1972-73
67 гоол (36-лиг, 7-цом, 12- евроцом, 12-бусад тэмцээн) Герд Мюллерийн мөнхийн хэмээгдэж байсан дээд амжилт энэ улиралд эвдэгдэх ёстой байжээ. Дөнгөж 28 насандаа шигшээ багаа орхиж байсан Мюллер харин “Бавари”-д од болон гялалзаж байж болох бараг бүхий л багийн төдийгүй хувийн шагнал, цомыг хүртсэн билээ.
1.ЛИОНЕЛЬ МЕССИ («БАРСЕЛОНА»)-2011-12
72 гоол (50-лиг, 2-цом, 17-евроцом, 3-бусад тэмцээн) Тэрбээр Аваргуудын лигийн нэг тоглолтод 5 гоол оруулж, “Барселона”- гийн мэргэн бууч болж, Испанийн аварга шалгаруулах тэмцээнд 50 гоол оруулж, агуу Г.Мюллерийн амжилтыг эвдлээ. Гэтэл Леод энэхүү гайхамшигтай амжилтаа ахиад ч ахиулах нэг тоглолт байна.