УИХ-ын гишүүн Л.Гүндалай өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Хөвсгөл аймгийн АН-ын хороогоо хуралдуулж, нэр дэвшигчдээ тодруулж явах хооронд нь түүнийг намынхаа гишүүн эмэгтэйг зодсон гэсэн мэдээлэл зарим сайтаар гарсан аж. Үүнийг тэр няцаав. “Манай аймгийн намын эмэгтэйчүүдийн байгууллага хуралдсан юм. Ц.Сэдванчиг гишүүн бид хоёрыг ирж үг хэлээч гэж урьсан. Гэвч Оюунгэрэл гэдэг эмэгтэй микрофон эзэлчихээд бид хоёрыг суулгаа ч үгүй. Тэгээд л гараад явсан. Гэтэл ийм мэдээлэл хэвлэлээр цацсан байна. Би 12 жил УИХ-д суухдаа эмэгтэй байтугай эрэгтэй хүн ч зодоогүй. Энэ мэдээллийг нийтэлсэн сайт, хэвлэл, телевизийнхэн надаас огт лавлаагүй. Миний утас үргэлж нээлттэй байдаг, хуралтай л биш бол би дуудлага авдаг. 2008 оны сонгуулийн өмнө намайг дэд сайд эмэгтэйг зодсон гэсэн худал мэдээлэл бас цацагдаж байсан” гэлээ.
Түүнд “зодуулсан” гэх эмэгтэй ч ардчиллын партизан хүн гэнэ. Үүнээс гадна тэрбээр сонгогчдынхоо хүсэлтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт асуулга тавьсан юм байна. “Орон нутагт ажиллаж явахад иргэд Тавантолгойн ордын хувьцаагаа авахаар гэр бүлийн гишүүн тус бүр нь 5000 төгрөгөөр данс нээлгэсэн байна. Энэ зөв үү, буруу юу гэдгийг тэд лавласан учраас асуулт тавилаа. Хувьцаа олгох сургаар зарим брокерын пүүс иргэдэд мөнгөөр данс нээж, луйвар хийж байна. Засгийн газар иргэдээ зөв мэдээллээр хангах ёстой” гэсэн юм. Хөвсгөл аймгийн АН-ын даргаас түүнийг чөлөөлж, оронд нь Батцогт гэдэг хүнийг тавьсан тухай мэдээлэл гуравдугаар сараас хойш гарсан. Үүнийг эрхэм гишүүн няцааж байгаа юм. Энэ талаар тэрбээр “Тэр хүнийг батламжилсан тухай мэдээлэл өчигдөр бас гарсан байна лээ.
Цөөн тооны гишүүн тусдаа хуралдаад намайг огцруулж, нэгийгээ даргаар сонгосон. Тиймээс энэ бүхэн хууль бус. Намын хорооны гишүүдийн олонх намайг огцруулна, энэ ажлыг хийх ёс зүйгүй гэж үзэх юм бол тэр дор нь би тамга тэмдгийг өгөх болно. Гэвч тийм зүйл болоогүй. Намын даргын тамга, тэмдэг одоо ч надад байгаа. Би албан тушаалтай зууралдаагүй, тэр хэдхэн хүний гарт ардчиллыг өгч “алуулмааргүй” байна” гэсэн юм.
С.УУЛ