MONGOLNEWS.MN ХАЯГААР
Сүүлийн үед Moнгол Улсын Засгийн Газар ганцхан хүний эсрэг бүрэн хэмжээний “компанит” ажиллагаа явуулах болсон нь анхаарал татах боллоо. Аргагүй шүү дээ нөгөөх нь дотор эрхтэнийг нь тэр чигт нь эргүүлээд бүх булхайг нь муу муухайтай нь дэлгэж тавиад зогсохгүй засгийн газрын командыг нь тэр чигт нь “Авилга” руу шалгуулах гээд өгчихөөр яалтай ч билээ дээ. Сонгууль хаяанд ирчихээд байдаг… ”Ядаж байхад яр” гэгчээр тэгээд зогсчихгүй зурагтаар өөрсдийнх нь бараагүй ажлын алдааг нэгд нэгэнгүй тоочоод төмөр зам, дэд бүтэц, 100 мянган айлын орон сууц, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Таван Толгой Ухаа Худаг, макро эдийн засгийн асуудлууд гээд ярихгүй сэдэв байхгүй... Хүн явуулаад “нухчих” санаа их байвч ар монголын нутагт тэр хүнийг танихгүй хүн бүү хэл нохой ч байхгүй байдаг. Ёстой нөгөө “хүсэхэд хясна” болж байх шиг...Тиймээс МАН-ын Засгийн Газар, Ардчилсан Намыг гэхээсээ илүүтэйгээр Женко Баттулгыг гол дайснаараа тодруулан “хүчтэй” тэмцэл өрнүүлж эхэлжээ. Энэ нь эргээд нөгөө хүн нь ямар чухал хүн болохыг нийгэмд сурталчилсан “пи ар” болж байгааг мэдэх ч сөхөөгүй яваа бололтой.
Ингээд бичихээр намайг Женко Баттулгын хүн л гэх байхдаа бодвол. Би өнөөг хүртэл аль нэг нам улс төрийн хүчинд элсэж, өөрийн үзэл бодол итгэл үнэмшлээ хэнд ч худалдаж яваагүйдээ бахархдаг нэгэн билээ. Өнөөгийн нийгэмд оршин буй авилгал хээл хахууль, түүнийг даган бугшсан бохир зүйлсийг харан эх орныхоо сайн сайхан, үр хүүхдийнхээ ирээдүйд сэтгэл өвдөн явдаг жирийн монгол иргэдийн нэг. Үүнийг хэн өөрчилж чадах, хэн чадахгүйг мэдэхтэйгээ билээ. Өнөөдөртөө Х,Баттулгаас өөр олигархийн засаглалтай тэмцэж чадаж байгаа хүн хаана байна. Жинхэнэ монгол хүний бахархалыг сэргээх гэж өөрийн хөрөнгө мөнгөө гарздаж яваа хүн тийм олон байна уу. Иргэнийхээ хувьд ийм хүнийг сэтгэлээсээ дэмжихгүй бол өөр хэнийг дэмжих юм бэ. Тэрнээс энэ эрхэмтэй биеэр уулзаж яваагүй, нэг аймгийн улс ч биш. Нутаг усаа яривал би Сү.Батболдтой нэг нутаг Сүхбаатар аймагт төрсөн, тэр бүү хэл нэр нэгтэй. Гэхдээ би одоогийн ерөнхий сайдыг “Бороогийн алтыг зарж баяжсан луйварчин, Монгол улсын төлөө биш намынхаа хэдэн луйварчдын эрх ашгийн төлөө л ажилладаг жижиг гар” л гэж боддог. Ер нь нэг жалганы хэмжээний сэтгэхүйтэй юмнууд л нутаг усаараа талцаж авгай хүүхний хэрүүл хийдэг. Яагаад чухам Х.Баттулгыг хүндэлж явдаг тухайгаа хэдхэн баримтаар хэлэе. Баримттай ярих бол хамгийн ардчилсан шударга зарчим. Эс бөгөөс хий хоосон шүтэж, хүнийг хөөргөсөн юм болно.
“Нүгэлгүйгээр засагладаггүй” гэж Сэн Жюстийн алдартай үг бий. Одоогийн байдлаар ямар нэг хувьдаа идсэн уусан зүйлгүй, хүнд өгөөш болох зүйлгүй, нүгэл хийлгүйгээр төрд сайд хийж чадсан хүн бол Х.Баттулга юм биш үү. Алдарт “хар дэвтэрт хуульч” Нямдорж хүртэл дэвтрээ ухаж ухаж ганцхан “но” гаргаж ирж, хэвлэлийхэнд дэлгэсэн. Тэр нь Х.Баттулга ЗТБХБ-ын сайд байхдаа гадныхантай нууцаар төмөр зам тавих нууц гэрээ хийсэн тухай гэж байгаа. Тэр нууц гэрээ гэгчийг нь англи эх дээр үзэхэд нэг санамж бичиг л байгаа юм. 1100 км урттай төмөр замыг нууц гэрээгээр, нууцаар тавих ямар ч боломж байхгүйг эрүүл бус сэтгэхүйтэй хүн ч ойлгоно. Ц.Нямдорж Х.Баттулгыг гүтгэсэн нь батлагдаж, уучлалт гуйлгах шүүхийн шийдвэр гарлаа. Ардын Намын гаргаж тавьсан ганц ”факт” нь нэг иймэрхүү зүйл байхаар одоо яалтай ч билээ дээ... “Ирээдүйд сайн сайхны” талаар амилсан бурхад шиг л ярин иргэдийн тархийг байнга угааж, энэ сонгуульд ялахын тулд юу ч амлаж хийхээс буцахгүй байгаа улайрсан Ардын Намынхны булхайтай үйлдлүүд, нийт иргэдийн бус нэг компанийн эрх ашигт нийцүүлж бодлогоо тодорхойлдог өнөөгийн төр, нийгэмд нүүрлээд буй зохион байгуулалттай гэмт хэргүүд гэх мэт маш олон шударга бус зүйлсийг Х.Баттулга баримттай нэр устай нь гарган тавьсан нь бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин олны сонорт хүрч байгаа учраас энд бичих нь илүүц биз. Хэрвээ эрхэм гишүүн сайд байхдаа эд нар шиг төрийн мөнгөнөөс идэж уусан бол нөгөөдүүлийнхээ дарамтанд орж энэ бүх булхайг илчлэхгүй байсан нь ойлгомжтой.
Женко Баттулга Монголын ард түмэнд анхны олимпийн аваргыг төрүүлж өгч, монгол хүн бүрийг баяр бахдалд умбуулж чадсан хүн. Монголчууд түүхэндээ Манжийн дарлалаас гарахад нэг дэх удаа, сансарт монгол хүн нисэхэд хоёр дахь удаагаа, 2008 оны зун монгол хүн анх удаа олимпийн аварга болоход гурав дахь удаагаа ингэж нийтээрээ баярлаж байсан юм гэнэлээ хэмээн нэгэн судлаач бичиж байсныг би тодхон санаж байна. Чухам энэ л эрхмийн ачаар жудо бөхийн хөгжил энэ цаг үед оргил үедээ хүрч тив дэлхийн олон алдартнууд төрөн гарсаар байна. Энэ бүхэнд зориулж хувиасаа тэрбум тэрбум төгрөг гаргаснаа тэр өр нэхэж хэзээ ч дурьдаагүй. Үндэсний гэгдэх хөрөнгөтнүүд их л сайндаа ашгийн төлөө Чингис хааны нэрээр нэрлэсэн архи үйлдвэрлэхээс хэтрэхгүй байхад энэ эрхэм Цонжин Болдогт Чингис хааны дэлхийд хамгийн томд орох морьт хөшөөг бариад тойруулан Их Хааны байлдан дагуулалтын үеийш харуулсан том цогцолбор бариулж байна. Үүний санхүүжилтийг төрөөс ганц ч төгрөгийн дэмжлэг авалгүй өөрийн хөрөнгөөр босгож байгаа нь гайхалтай. Үүнийг тэр өөрийн халаасанд орох ашгийн төлөө хийгээгүй, Монгол хүний бахархал, үндэсний үзлийг дэмжиж ирээдүйн Монгол улсын сайн сайхны л төлөө босгож байгаа. Өөрийнх нь товчхон тодорхойлсноор “аваад үхэхгүй”, монгол улсад л үлдэх их өв билээ. Түүнчлэн Женко Баттулга бол маш олон хүний хувийн амьдралд дэмжиж тусалж явсан нэгэн. Монголын Ардчилсан Холбооны 40 орчим ахмадад өөрийн хөрөнгөөр 2 өрөө байр авч өгсөнийг хүмүүс мэднэ. Мөн ч олон өнчин ядуу, өвчтэй зовлонтой хүмүүст орох орон, эмчилгээний зардлаар ч тусалж, шинжлэх ухааны нилээдгүй төслийг санхүүжүүлж байсан гэдэг. Тэглээ гээд тэрбээр өөрийгөө сурталчилж хүнээр яриулж явсангүй. Харин би Сү.Батболдыг ганц удаа өөрөөсөө мөнгө гаргаж өрх толгойлсон эмэгтэйд байр авч өглөө гэж дуулаагүй, дуулах ч үгүй биз... Энэ мэтчилэн их хурлын болон засгийн газрын гишүүний хувиар биш хувь хүнийхээ хувьд хийсэн зүйлийнх нь тухай дуулснаа нэг бүрчлэн дурьдвал сунжирсан юм болох учраас ингэсгээд орхиё.
МАН-ыхан өнөөдөр “заналт дайсан” Х.Баттулгын 2004 оноос их хурлын гишүүн, 2008 оноос сайд болоод ажиллах үеэс хойшхи түүхээс “нокаутанд хийх баримт” олоогүй учраас бизнесийн салбарт ажиллаж байсан үеээс нь “факт” гаргаж ирэхээр 10-20 жилийн өмнөхийг ухан улансгасч эхэллээ. “...олигархи Х.Баттулга” хэмээх захиалгат нийтлэл бичүүлж цацлаа. Өөрөөр хэлбэл “Талх чихэр”, “Мах импекс”, “Баянгол буудал”-ын эзэн, хувьдаа телевиз сонинтой Женко Баттулга бол өнөөдөр төрд байгаа учраас “олигархи” мөн хэмээн хоолой мэдэн бахирав. Ерөнхий сайд Сү.Батболд 3 сард болсон нэг хурал дээр “олигархийн засаглалаас олон нийтийн засаглалд шилжие” хэмээн сүрхий толгой холбодог хүн болох гээд өөрийн танхимыг тэр чигээрээ олигархиуд гэдгээ баталсан. Угаасаа ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг нэвт харж байгаа. Тухайн үедээ төр өөрөө алдагдлийг нь дийлэхгүй хувьчилахаар шийдсэнээр, хуулийн дагуу хувьцаа эзэмшиж, хөрөнгө оруулагч болсноор өнөөдөр үндэсний үйлдвэрүүдийг амжилттай ажиллуулж, олон зуун хүнийг ажлыг байраар хангаж, эргээд төрдөө татвар төлснийхөө төлөө адлагдана гэдэг бол ардчилал бишээ. Жинхэнэ олигархи бол амьдралдаа ганц ч хадаас зарж үзээгүй байж төрд шургалан, татвар төлөгчдийн мөнгийг хулгайлан энэ хэмжээ хязгааргүй хөрөнгө хогшлыг хувьдаа бий болгосон хулгайч нарыг хэлдэг. Өнөөдрийн МАН-ын Засгийн Газар бол нэг иймэрхүү хүмүүсээс бүрдсэн нь нууц биш. Тэрнээс энэ амьдралыг бий болгохын тулд хувийн хэвшилд төдийгөөс өдийг хүртэл нөр их хөдөлмөрлөсөн, засагт ард түмний итгэлийг дааж орсоныхоо дараа төрийн мөнгөнөөс төө хэрийг ч завшаагүй Женко Баттулгыг бол яаж ч мачийгаад олигархийн тоонд багтаахгүй. Сүүлдээ Ардын Намыхан гүтгэх зүйл нь хомсдоод ирэхээр архи оруулж ирдэг хэмээн “үнэн” сонин дээрээ бичсэн сурагтай. Долоо хоногийн дараа хар тамхи оруулж ирж зардаг гэсэн байвал үнэндээ гайхах юм алга. Үнэнийг хэлээд өөрсдийнх нь гэмт үйлдэлтэй тэмцээд эхлэхээр урдаас нь саармагжуулах цуу тараадаг бол МАН-ын орос ах нараасаа сурсан шалгарсан арга л даа, гайхах юмгүй энэ чинь нөгөө хуучин “ху” нам маань шүү дээ... Тэд хийсэн бүтээсэн рүү нь дайраад зогсохгүй хийхээр санаачилсан ажил руу нь хүртэл сүрхий “мэдэгдэл” чулууддаг болсон байна лээ. Х.Баттулгын нэр л гарсан бол гүйцээ…!! Манай улс түүхий эдээ гадагш нь түүхийгээр нь хамгийн хямдаар гаргахын горыг тултал амсаж яваа.
Эцсийн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж, аж үйлдвэрлэлийг хөгжүүлээгүй цагт хөгжлийн тухай дурсаад ч хэрэггүй. Иймээс Оюутолгой Тавантолгой ордыг түшиглэж Сайншандын аж үйлдвэрийн паркийг цогцлоохоор шийдэж төрөөс шийдвэр нэгэнт гарсан байгаа. Үүнд Монгол улсын жирийн ард иргэд нэгдэж хөрөнгө оруулая, энд баригдах боловсруулах үйлдвэрүүдэд хувь эзэмшие, иргэд бид эх орны баялгаас хишиг горьдогч бус эзэн нь байх ёстой гэсэн зорилгоор “Баялгийн хувь” гэх компанийг санаачилсан бололтой. Үнэн чанартаа бол ард иргэд үйдвэржилтийг, баялаг бүтээгч эдийн засагтай болохыг дэмжээд бага ч гэсэн хувь нэмэр оруулахаар хөрөнгө босгож эхлэхэд засгийн газар нь баярлаад дэмжих ёстой бол харин эсрэгээрээ “Монгол улсын засгийн газарт хамаагүй...” хэмээн мулгуу мэдэгдэл гаргаж байх юм. Өөрөөр хэлбэл ард түмэн Үндсэн Хуульд “ газар түүний хэвлий болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд байна ” хэмээн тунхагласны дагуу өмчдөө эзэн болчих вий гэхээс олигархийн засгийн газар их л сандарч мулгуу мэдэгдэл гаргаснаараа огцорсон ч багадна.Х.Баттулга зөвхөн санаачилсан болохоос бус цаад эзэд нь ард иргэд гэдгийг л ойлгохгүй байгаа юм хөөрхий.
Энэ мэт олон булай үйлдлүүд нь энэ МАН болон түүний засгийн газар нь нийт ард түмний төлөө биш намынхаа эвэртэн туурайтнуудын төлөө л ажилладаг гэдгийг мянгантаа батлаад байхад бид энэ сонгуулиар эднийг дахин гаргаж, гэмт хэрэгтнүүдийг зулай дээрээ залсаар байх гэж үү. Идсэн ууснаа батлах гэсэн мэт том гүзээтэй, булбарай царайтай, жонгиносон дуутай том дарга нараас тэр өөр төрхтэй, дэлхийд данстай тамирчин явсан хүн. Өчүүхэн муу ходоодондоо өдрийн хоёр тавгаас илүү хоол шидэж чадахгүй байж ханаж цаддаггүй “философитой” олигархуудаас ухамсарын хувьд тэр бас тэс өөр хүн. Боловсролтой хүн гэж өөрийнхөө мөн чанарыг таньсан, өөрийгөө нээж чадсан, ухамсарын хувьд гэгээрсэн хүнийг хэлдэг болохоос өнөөдрийнх шиг олон сургууль төгсөх, зэрэг цол авах бол боловсрол биш, хувь хүний амьдрах арга хэрэгсэл юм.
Жинхэнэ хүн бол амьдрал тэмцэл дунд улам хатуужиж, он цаг өнгөрөх тусам алдаа оноогоо тунгаан улам боловсордог. Х. Баттулга бол үүнийг бодитоор харуулж чадсан, домогт монголын нутагт зовхи нь өөдөө төрсөн эр хүн. Эцэст нь МАН-д хандаж ганц үг.... “Монгол улсын 2.7 сая хүний эрх ашиг чухал уу, 20-хон гэр бүлийн эрх ашиг чухал уу гэдэгийг эцсээ хүртэл үзнэ” хэмээн тангарагласан ард түмний хүү Халтмаагийн Баттулга ганцаараа биш, үйлс нь ариун сэтгэл нь халуун түмэн олон ард нь байгаа гэдгийг хатуухан сануулчихая.
Г.Батболд