Нийслэлийн АН уржигдар оройжин хуралдаад НИТХ-ын сонгуулийн менежерээр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг томилжээ. АН анх удаа НИТХ-д ялах том зорилго дэвшүүлэхдээ Улсын баатар Э.Бат-Үүлээр сонгуулийн тактикийг “базуулах” шийдвэр гаргасан нь энэ. Тэрбээр НИТХ-ын сонгуульд АН-ын сонгуулийн менежерээр ажиллах юм. Мөн Нийслэлийн АН-ын гишүүдийн 90 хувийн саналаар тэрбээр НИТХ-ын намын жагсаалтаар орох 15 хүний нэрсийг тэргүүлж байна. Энэ тухай Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг хурлаар НИТХ-д тойргоор өрсөлдөх 30 нэр дэвшигч, намын жагсаалтаар орох 15 хүнээ тодруулжээ. Тэд мөрийн хөтөлбөртөө аудит хийлгээд өчигдөр Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлсэн байна.
НАН-ын дарга Ш.Түвдэндорж “Бид мөрийн хөтөлбөртөө нийслэлд эдийн засгийн болон улс төрийн аргаар том хувьсгал хийхээр тусгасан. Одоогийн тогтолцоогоор хотод тулгамдсан асуудлыг шийдэж чадахгүй нь ойлгомжтой болсон. Хотоо цэвэр, сайхан байлгах нь иргэдийн хүсэл. Тиймээс оршин суугчдынх нь гарт эрх өгөх шууд ардчиллын зарчмыг бид нэвтрүүлнэ. Хотын үйл ажиллагаа шилэн хоргонд байгаа мэт ил тод байх ёстой. Үүнд иргэд чөлөөтэй оролцож, санал бодлоо илэрхийлэх боломжийг хангасан дүрэм, журам боловсруулах юм. Үүнийг улс төрийн аргаар өөрчлөх гэж бид нэрлэж байна” гэв. Э.Бат-Үүлийн тодорхойлсноор НАН-ын Зөвлөлдөх хорооны гишүүд НИТХ-д намаа ялуулах том зорилго дор нэгдэж чадсан, эв зүйтэй хурал болсон гэнэ. Тиймээс тэрбээр НИТХ-ын сонгуульд намаа ялуулна гэдэгтээ итгэлтэй байгаа аж.
“МАН 92 жил хотыг засаглалаа, гэвч асуудал өөрчлөгдсөнгүй. Тиймээс одоо өөрчлөлт хэрэгтэй гэдгийг улаанбаатарчууд ойлгож байгаа. Үүнийг АН хийнэ” гэсэн юм. Хэрэв ялагдвал гэсэн хувилбарын тухай тэд бодохыг ч хүсэхгүй байна. Учир нь одоо АН ялах нөхцөл нь бүрдсэн аж. Тэднээс зарим зүйл тодрууллаа.
-НАН-ын дарга Ш.Түвдэндорж хаана өрсөлдөх вэ? Ш.Түвдэндорж: -Намын дарга, генсек, нийслэлийн АН-ын дарга бол удирдах албан тушаалтан. Тиймээс УИХ-ын сонгуулиар жагсаалтын эхний 3-4-т эрэмбэлэх чиглэлтэй байгаа. УИХ-д нэр дэвшигчдийг маргааш болох ҮЗХ-ны хурлаар эцэслэн тодруулна.
-Зарим аймаг, дүүргийн намын хорооны хурал маргаантай болж, дотроо өрсөлдөөнтэй байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулахын тулд үүссэн энэ маргааныг яаж шийдэх вэ?
-ҮЗХ-ны хурлаар энэ асуудлыг ярилцана. Олонхийн шийдвэрээ цөөнх нь дагах учиртай.
-Хэрэв АН НИТХ-ын сонгуульд ялбал хэн Засаг дарга болох вэ?
-Тэр тохиолдолд Гүйцэтгэх зөвлөлөөс нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулдаг. Улмаар УИХ дахь Бүлгээр шийднэ.
АН-аас НИТХ-д нэр дэвшигчдийн нэрс: (жагсаалтаар)
1. Э.Бат-Үүл-УИХ-ын гишүүн
2. Д.Баттулга-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
3. Н.Гантөмөр-Нийслэлийн Ардчилсан намын ХЭГ-ын дарга
4. П.Батчимэг-Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга, НИТХ-ын төлөөлөгч, багш
5. Д.Хүрэлбаатар -ХХБанкны гүйцэтгэх захирлын орлогч, эдийн засагч
6. А.Гантулга -
7. Д.Пүрэвдаваа-Нийслэлийн Баянзүрх дүүргийн АН-ын дарга
8. Ш.Төмөрбаатар-
9. Н.Батаа- Нийслэлийн АН-ын дэд дарга
10. Г.Сүглэгмаа-
11. Б.Ариунболд-НИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга, цахилгааны инженер
12. П.Нүрзэд-Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн
13. Ц.Баярмаа-МоАХ-ны эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн
14. Д.Аззаяа-Ерөнхийлөгчийн ТГ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга
15. Х.Ганболд-“Чөлөөт бүсийн зөвлөл”-ийн нарийн бичгийн дарга, инженер, эдийн засагч, эрхзүйч
.jpg)
С.ТУУЛ