Ардаа ард түмнээс өөр хамгаалагчгүй, аль нэг намын харьяалалгүй бие даан нэр дэвшигчдийн хувьд энэ сонгууль шөргөн галын дундах тулаан лугаа хүндхэн сорилт болно. Тиймдээ ч бие даан нэр дэвшихийг зориглогчийн тоо гарын таван хуруунд багтаж буй. МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатарыг ИЗНН, МАН-аас нэр дэвшинэ гэсэн таамаг, “бор шувуу” өчигдрийг хүртэл хэвлэлийн хуудаснаа нисэж байлаа. Гэвч Дархан-Уул аймагт бие даан нэр дэвших нь нэгэнт тодорхой болжээ.
Тэрбээр өнгөрсөн даваа гаригаас Дархан-Уул аймагт 801- ээс доошгүй дэмжигчийн гарын үсэг цуглуулах ажлаа эхлүүлж, өчигдөр сонгуулийн тойргийн хороондоо дэмжигчдийн гарын үсэг бүхий бичиг баримтаа албан ёсоор гардуулан өгсөн байна. Албаны эх сурвалжийн хэлснээр, С.Ганбаатарыг бие даан нэр дэвшихийг дэмжиж, тус аймгийн сум, багийн төлөөлөл бүхий 4000 хүн гарын үсгээ зуржээ. Тэрбээр “Би үйлдвэрчний эвлэлдээ үнэнч байна. МҮЭ-ээ улс төрийн аль нэг намаар солихгүйг цаг хугацаа харуулна” хэмээн хэлж байсан. Энэ үгэндээ хүрчээ.
Ийнхүү УИХ-ын 2012 оны сонгуулийн анхны бие даагч тодорлоо. Тойргийн хороо түүний бичиг баримтыг нягталсны эцэст жагсаалтад бүртгэх эсэх шийдвэрийг гаргана.
Д.ОЮУН