2008-2012 онд төр түшилцсэн 70 эрхэм өчигдөр чуулганы танхимд цуглав. УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээгээр бол С.Баяр гишүүн чөлөөтэй, Х.Наранхүү ОХУ-д томилолтоор яваа аж. Бусад нь ажлаа хийж байгаа гэх ч С.Оюун, Д.Энхбат нар сүүлчийн чуулганд суусангүй. Энэ Парламентын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн чуулган учраас гишүүд хуралдаа идэвхтэй иржээ. Сонгуулийн жилийн чуулган арай эрт завсарладаг. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ намууд түрүүчээсээ тодруулж, энэ ажилд анхаарлаа хандуулж буй учир хаврын чуулганыг өчигдөр түр завсарлуулсан юм. Сонгуулийн дараа тэд эргэн нэг цуглаж, Төрийн дууллаа эгшиглүүлэн албан ёсоор хаалтаа хийнэ.
Түшээд өчигдөр Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Зарим газар нутгийг улсын хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталсан. Засгийн газрын болон УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч тэгсэнгүй. Завсарлага авах хугацааг ажлын тав хоногоос илүүгүй болгохоор эдгээр төсөлд тусгасан аж. Н.Батбаярын санаачилсан төслийг хэлэлцэлгүй дараа гийн УИХ-д үлдээх гэж буйг тэр эсэргүүцсэн.

Ерөнхий сайд С.Батболд түүнд “Дөрвөн жил завсарлага авсан намын гишүүн ингэж ярьж буйд харамсаж байна. Одоо ниргэсэн хойно нь хашгираад хэрэггүй. Дараагийн УИХ-ын эхэнд хэдүүлээ энэ асуудлыг ярья” гэв. Р.Гончигдорж үүнийг нь “Сая Ерөнхий сайдын үгнээс дараагийн УИХ-д нам нь цөөнх болох учир завсарлага авах хугацаанд хязгаар тавих асуудлыг одоо шийдэх хэрэггүй гэж ойлгогдлоо” хэмээн дүгнэсэн. Улмаар АН, МАН-ынхан хоорондоо хэсэг маргав. АН-ын зарим гишүүн “Одоо тэгвэл завсарлага авчихъя л даа” хэмээн “явуулав”.
Орон нутгийн хурлын сонгууль намар болох учиртай. Тиймээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, аравдугаар сарын эхний хагасын аль нэг ням гаригт зохион байгуулахаар тусгажээ. Төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг Ж.Сүхбаатар гаргаснаар олонх дэмжиж, баталсан. Байнгын хороогоор оруулалгүйгээр шууд ингэж батлаад, дараа нь Цэц дээр унах вий хэмээн Р.Гончигдорж санууллаа. Тэрбээр “Цэц Сонгуулийн хуулийн шилжих заалтыг унагаснаас болоод 28-ын жагсаалт дээр одоо асуудал их гарч байна. Уг нь шилжинэ гэсэн ойлголтоор л хуулийг баталсан шүү дээ” хэмээн дундуур нь гомдлоо тайлаад авав.
Эрхэм гишүүн намынхаа жагсаалтын эхний аравт бичигдэж буй юм билээ. Ингээд УИХ-ын дарга хаврын чуулганыг хааж үг хэлсний (УИХ-ын даргын хэлсэн үгийг А4 нүүрээс бүрэн эхээр нь уншина уу) дараа түр завсарлалаа. Гишүүд ангиараа “төгсөлтийн” зургаа татуулаад танхимаа орхисон юм.
С.ТУУЛ