ИЗНН-ынхан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчидтэйгээ гэрээнд гарын үсэг зурах ёслол өчигдөр болов. Энэ үеэр намын дарга Д.Энхбат УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Шалтгаанаа тэрбээр “Өчигдөр болсон ИЗНН-ын Үндэсний зөвлөлийн хурлаар УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихээс татгалзаж буйгаа намын нөхдөдөө хэлсэн. Энэ бол цэвэр хувь хүний сонголт. Далд бодлого, хар санаа, ямар ч асуудал байхгүй. Би улс төрийн намын хүрээний үйл ажиллагаанаас илүү үндэсний, өргөн ажил явуулахаар шийдсэн” хэмээн тайлбарласан юм. Нэр дэвшихгүй л болохоос тэр намын даргаа үргэлжлүүлэн хийж, сонгуулийн штабаа удирдаад явах гэнэ. Уг нь түүний нэрийг ИЗНН жагсаалтынхаа хоёрдугаарт баталсан байсан юм. Гэвч эрхэм гишүүн яагаад ч юм үзэл бодлоо өөрчилж, улс төрөөс “уйдсан” гэнэ. Тус намын эх сурвалж “Д.Энхбат дарга анхнаасаа л нэр дэвших сонирхолгүй байна гэсэн.
Сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигч сонгуульд өрсөлдөх тухайгаа СЕХ-нд бичгээр илэрхийлдэг. Намаас түүнийг зүтгүүлэх гэсэн ч өөрөө татгалзсан, энэ бичгээ СЕХ-нд явуулахгүй гэсэн учраас хурлаар шийдвэрийг нь хүлээж авсан” гэлээ. Түүний оронд жагсаалтын хоёрдугаарт хэнийг бичихийг мөн л Үндэсний хорооныхоо хурлаар шийджээ. Ингээд тус намын Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга З.Ган-Очир, Үндэсний хорооны гишүүн Энхболд нар нэр дэвшээд, олонхийн саналаар эхний хүнийг жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлсэн аж.
С.УУЛ