Энэ сарын 25-д болох Барилга орон сууц 2012 үзэсгэлэнд 50 гаруй орон сууцны барилга барьж буй компани оролцоно. Мөн амины орон сууцны барилга гүйцэтгэгчид, барилгын материалын үйлдвэрлэгч, импортлогчид, гадна тохижилт, ландшафт, ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй компани оролцох юм байна.
"Ногоон барилга-Хөгжлийн гарц" уриан дор нэг өдөр үргэлжлэх уг үзэсгэлэнгийн үеэр орон сууц худалдан авахаар сонирхож буй хүмүүст бүх төрлийн мэдээлэл өгөх, амины орон сууц барих хүсэлтэй иргэдэд мэргэжлийн зөвлөгөө өгч, материалын сонголтод туслах зэрэг ажил явагдана. Мөн барилгын салбарт ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж, ажилд зуучлах юм байна.
Мишээл экспод болох уг үзэсгэлэнг зохион байгуулагчид болох БМЗТөв "Шинэ орон сууцны үнэ ханшийг бид тодорхойлно" хэмээн амлаад байгаа.
Б.МАНДУХАЙ