Хөлбөмбөгийн ертөнцөд баяр хөөр, уйтгар гуниг хосолж байдаг нь жам. Энэ удаад хөлбөмбөгчдийн хачирхалтай, этгээд басхүү хөгжилтэй баяр хөөрийн талаар өгүүлэх болно.
Өнгөрсөн жилийн Итали, Английн дээд лигийн аваргууд аварга цолоо нэлээд өвөрмөц байдлаар тэмдэглэснийг та бүхэн мартаагүй байх аа. Мартахын ч аргагүй л дээ. Тухайлбал “Милан” багийнхан Италийн аварга болсон баяраа 2011 оны тавдугаар сарын 15-нд тэмдэглэж байх үеэр гана хагас хамгаалагч Кевин Принц-Боатенг Майкл Жексон шиг хувцаслан, бүжиглэсэн бөгөөд Попын хааны алдарт сарны алхааг хийсэн билээ.
Хэрэв “Милан” аварга болвол өөрийн хайртай дуучныг дууриана гэдгээ Боатенг амлаад байсан агаад хэлсэн үгэндээ хүрсэн нь энэ юм. Түүний гайхалтай эвлэг бүжиглэлт нь багийн андууд, хөгжөөн дэмжигчид болон телевиз үзэгчдийн бахархлыг өөрийн эрхгүй төрүүлсэн билээ.
Боатенгийн нууц авьяас ийнхүү фэнүүдийг нь баярлуулсан бол Уэйн Рунигийн үйлдэл харин хүмүүсийн гайхлыг барсан. Руни багийнхаа 19 дэх аваргын цомыг тэмдэглэхдээ цээжний үсээ хусч, цээжин дээрээ 19-ын тоог “зурсан” юм. Улмаар өөрийн бичил “уран бүтээл”-ээ интернэтийн твиттер сайтаар дамжуулан багийн андууддаа тарааж бэлэг барьсан аж. “Ваззаг тэр зургаа явуулна гэж бидний хэн нь ч бодоогүй. Тэр бидний бодсоноос ч галзуу юм” хэмээн багийн анд Майкл Оуэн нь ярьсан түүхтэй.
Обдулио Варела болон түүний нөхөд 1950 онд Бразилд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод талбайн эздийг алдарт Маракана цэнгэлдэхэд нь 2:1-ээр ялж аваргалсаныг Уругвайн фэнүүд хэзээ ч мартахгүй нь лавтай. Тэрхүү мартагдашгүй баяр хөөрийн улмаас огт байж болохооргүй зүйл болж, Варела ялалтаа Бразилийн багийн фэнүүдтэй тэмдэглэж өнгөрүүлснийг Уругвайн нэрт зохиолч Эдуардо Галеано “Нар, сүүдрийн доорх хөлбөмбөг” номондоо дурсан бичсэн байдаг. Харин Варелагийн багийн анд Алсидес Чиггиа эргэн дурсахдаа “Тоглолтын маргааш, өдрийн хоолоо идсэний дараа бид зочид буудалдаа амарч байлаа. Гудамжны буланд нэг цайны газар байсан болохоор Варела очиж шар айраг уухаар явсан юм. Бразилчууд түүнийг таньж, нэрийг нь бразил аялгаараа дуудаж хамтдаа суусан” гэжээ.
Үүнээс 50 жилийн дараа “Лион” баг Францын аваргын тав дахь цомоо гэрээсээ хол, Парист нэгэн хачирхалтай нөхцөлд тэмдэглэсэн байна. Энэ нь 2006 оны дөрөвдүгээр сарын 15 байсан агаад тэд “Лилль”-“Бордо” багуудын тоглолтыг анхааралтай үзэж суулаа. Тоглолт 3:2-оор “Лилль” багийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд чухам энэ үр дүнг хүлээж байсан “Лион”-чууд 35-р тойргийн тоглолтоо хийхээс өмнө аварга цол авах болзлоо хангасан юм.
Энэхүү тоглолт дууссаны дараа “Лион”-ы тоглогчид зочид буудлаасаа гарч маори үндэстний уламжлалт хака бүжгийг мали хамгаалагч Махамаду Диаррагийн хамтаар хийсэн гэдэг.
Францын аварга багтай холбоотой бас нэг түүх өгүүлье. “Лилль” баг өнгөрсөн жил лиг болон цомын тэмцээндээ түрүүлж давхар цохилт хийснийг та мэдэж байгаа байх. Ингэснээр хамгаалагч Адил Рами нь баяр хөөрөө нэлээд содон аргаар тэмдэглэх боломжтой болсон юм. Тухайн үед Рами нь “Les Dogues”-ийг орхиж Испанийн “Валенси” багт очихоор тохиролцоод бай сан бөгөөд үдэлтийн бэлэг болгож фэнүүддээ сюрприз барина гэдгээ амлаад байсан аж. Тиймээс Рами үсээ улаанаар будуулж, багийнхаа бэлгэдэл сахиус Догго Догийн хувцсыг өмсөөд талбайн голд бүжиг хийж үзүүлжээ. Үүнийхээ дараа багийн андууд, фэнүүддээ хандан талархсан юм.
“Аль Ахлы” болон Египетийн шигшээ багйн хаалгач асан Иссам Эль Хадары аварга болох бүртээ хаалганыхөө хөндлөвч рүү авиран гарч, тарвас иддэг заншилтай байжээ. Магадгүй энэ нь түүний өсч төрсөн Кафер Аль Батых суурингийн нэртэй холбоотой биз. Египетийн Дамьетта муж дахь уг суурингийн нэрийг орчуулвал шийгуаны тосгон гэсэн утгатай.
Өнгөрсөн жил “Реал” багийнхан Эзэн хааны цомоо фэнүүддээ танилцуулан, жагсаж байх зуур болсон зүйл нь инээдтэй басхүү харамсалтай байсан. Хамгаалагч Серхио Рамос тэр үеэр буруутан болж, цомыг алдаж унагасан нь автобусны дугуйн доогуур ороод будаа болсон билээ. Харин гэмтэн маань сүүлд энэ алдаагаа цайруулж, өөрийн твиттертээ “Энэ удаад үл ойлголцол гарлаа. Цом унаагүй юм, харин биднийг Сибелес талбай руу очих үед Реал Мадридын маш олон фэнүүдийг хараад автобуснаас үсэрчихсэн юм” хэмээн марзаганажээ.
Харин “Аякс” багийн голланд хаалгач Мартин Стекеленберг Рамосын энэхүү алдааг хэдхэн өдрийн дараа давтсан юм. Испани хамгаалагчийн адилаар Стекеленберг Данийн аварга багт олгодог цомыг автобуснаас алдаад унагачихсан түүхтэй. Сүүлийн 6 жилд анх удаагаа аваргалсан багийнх нь фэнүүд ихэд харамссан нь лавтай.
Германы “Борусси Дортмунд” багийн уриа бол “True Love”. Гэвч энэ жил аваргын цолоо хэрхэн тэмдэглэснийг нь авч үзэх юм бол “Love Hurts” болгож солихоос өөр аргагүй болох юм. Учир нь аварга цолоо хамгаалсан баяраа тэмдэглэж байх зуур “Борусси”-гийн ерөнхийлөгч гэмтэл авсан билээ. Хамгаалагч Фелипе Сантана нь боссоо шар айргаар шүршихээр хөөж байх зуур өнөөх нь шөрмөсөө гэмтээж юун баярлахтай манатай болсон гэдэг.
Аваргын баяр хөөрийг гэмтэлтэй орхисон ганц хүн нь “Дортмунд”-ын ерөнхийлөгч биш юм. Хэд хоногийн өмнө бэлтгэлийн үеэр хамартаа гэмтэл аваад байсан Кевин Гросскройтц ёслолын үеэр гэмтлээ хөндөж орхижээ. Гэвч хагас хамгаалагч маань үүнд гутарсангүй, “Хамар маань бүрмөсөн гэмтчихлээ, гэхдээ би тоохгүй ээ. Би угаасаа өвчин мэдрэхээ больсон” гэж ярьсан байна. Кевинтэй холбоотой өөр нэг явдал бий. Багаа аварга болох хүртэл үсээ засуулахгүй гэж тэрбээр 2011 оны аравдугаар сард амласан бөгөөд хэлсэндээ хүрч үсчинд огт ороогүй байна. Түүний аз болоход өнгөрсөн жил “Борусси” аваргалж, багийн анд Сантана, Деде хоёр хайч барин уртаас урт үсийг нь тайрч өгчээ.
Н.ЭНХБАЯР