Олимпийн бамбарын буухианд оролцсон зарим хүмүүс барьж гүйсэн бамбараа онлайн дуудлага худалдаагаар зарахаар захиалгаа өгчээ. Тэдний тоо 12 хүрээд байгаа бөгөөд нэг бамбар дор хаяж 100 мянган фунтстерлинг хүрч байгаа гэнэ. Уг нь дэлгүүрт бамбар 495 фунтын өртөгтэй байдаг бөгөөд барьж гүйсэн хүмүүст бэлэг болгон өгч байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар нэг бамбар 150 мянган паундаар зарагдсан бололтой. Урьдчилсан тооцоо ёсоор олимп эхлэх хүртэл нийт 8000 хүн бамбарыг буухиалж, тус бүр 300 метр гүйн, нийт 1019 хот, тосгоноор өртөөлөх ажээ. Дашрамд сонирхуулахад 1948 оны Лондоны олимпийн бамбар өнгөрсөн жил 5400 паундын үнэ хүрч байв.
Олон улсын үзэсгэлэн Лондонд
Олимпийн наадмыг тохиолдуулж IOC Британийн үндэсний номын сантай хамтран олон улсын “Олимпекс” үзэсгэлэнг долдугаар сарын 25-наас есдүгээр сарын 9-нийг хүртэл зохион байгуулах ажээ.
Үзэсгэлэнд өмнөх олимпийн наадмууд болон бусад спорттой холбоотой марк, бэлгэдэл, бэлгэдэл сахиус цуглуулагчид өөрсдийн цуглуулгаа танилцуулах гэнэ.
А.ЭРДЭНЭБОЛД