МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэдл эхэлсэн ч шүүгдэгчдийн эрүүл мэндийн талаар гаргасан эмч нарын дүгнэлтийг үндэслэн зургаадугаар сарын 4-нийг хүртэл хойшлууллаа. Шүүгдэгч Н.Энхбаяр шүүх хуралд ирээгүй учраас ийм шийдвэр гаргасан байна. Уг нь Клиникийн II эмнэлгийн хэвтэн эмчлүүлж буй Н.Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүхэд болох хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтээ бичгээр уламжлаад байсан билээ. Гэсэн ч түүний эрүүл мэндийн байдлын улмаас ирж чадаагүй юм байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал ийнхүү хойшлогдсоноор түүний сонгуульд нэр дэвших эрх нээлттэй хэвээр үлдэж буй юм.
Улсын мөрдөн байцаах газар болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан Ажлын хэсэг экс Ерөнхийлөгчид холбогдох хэрэгт мөрдлөг явуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар 2011 оны нэгдүгээр сарын 20-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.