Нийгэмд удаан хүлээлт үүсгээд байсан Сонгуулийн тухай хууль эцэслэн батлагдаж, хэрэгжиж эхэлснээр намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталж, нэр дэвшигчдээ тодруулж, нэр дэвшигчид Сонгуулийн Ерөнхий хорооноос батламжаа гардаж авлаа. Нэр дэвшигчдийг наадмын их хурдуудтай зүйрлэн бодвол энэ жилийн сонгуулийн наадамд олны танил их хурдуудаас гадна олонд танигдаагүй нэр дэшигч хүлэг морьд ч уяа сойлгоо тааруулж эхэллээ. Залуухан шижигнэсэн, хурд хүч нь ид таарсан хурдалвал ч хурдлахаар хүлэг морьд зурхайны гараанаас эргэхээр дүүхэлзэж байхад тэдний дунд уралдааны дундаас хасагдаж, магнайгаа тоосдож мэдэх хүлэг морьд ч харагдана. Нийт сонгуулийн наадмын нэгдсэн дүнгээр хүлэг морьдын магнайд МАХН-ын тод шаргал хүлэг дүүхэлзэж мэдэх шинжтэй гэж уяачид харж байхад, удаалан ирэх хүлэг мориор битүү морь ч гарч ирж магадгүй болоод байна. Харин айргийн тавд ямар ч байсан хууцчуулаас ганц хоёр нь орох магадлал өндөр. Учир нь зарим хууцчуулын уяа сойлго гайгүй байгаа талаар судалгааны зарим нэг “гал”-ынхан мэдээлж байна.
Тэдний мэдээлж буйгаар Архангай аймагт МАН-ын галын Ё.Баатарбилэг, Хөвсгөл аймагт АН-ын үл цуцах ажнай нөгөө л Л.Гүндалай, Дорнод аймагт жигдхэн давхилтай, хурд сайтай П.Алтангэрэл, Орхон аймагт уяа сойлго нь ид таарч, ир нь ханаад буй О.Содбилэг, Хэнтий аймгаас гараа сайтай, амгайгаа байнга хэмлээстэй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн их ярьдаг гишүүнээр тодроод буй Н.Ганбямба нар түрүү магнайд ирэх магадлал тун өндөр байгаа гэнэ. Аймаг аймгийн хурдан хүлгүүдийг ийн шинжиж ахуйд Ховд аймгаас харин түрүүлж ирэх хурд МАН болон АН-ын галаас гарахгүй байх магадлал өндөртэй байгаа талаар судалгааны “гал”-ынхан мэдээлж байна. Энэхүү тойрогт МАН-аас судалгааны зарим нэг “гал”-ынхан С.Бямбацогт, Г.Нямдаваа нар уяа сойлгоо тааруулан гарааны зурхай руу явж буй гэнэ. Харин АН-аас Д.Батбаяр, Д.Пүрэвдорж нар уралдахаар ам булаалдан дүүхэлзэж буй аж. Тэднээс гадна МАХН-аас Батцогт уралдаж магадгүй гэх сураг буй ч өнөөдрийг хүртэл тодорсонгүй.
Харин энэ тойргийн сонгуулийн хурдан хүлгүүдийн дундаас бие даан нэгэн хүлэг уралдахаар шийдээд буй нь Ш.Адьшаа. Уяа сойлгоо нутгийн олноороо тааруулуулж, энэ наадамд уралдахаар шийдсэн түүний хувьд гарах магадлал тун өндөр байгаа нь бусад галын хурдан хүлгүүдийн хувьд ихэд халгаатай байгаа бололтой. Эд нар дундаа хамгийн нэр цэвэр, нутаг орондоо ихэд ойр байсан, орон нутгийнхаа хөгжлийн төлөө ихээхэн ажил хийсэн гэгддэг Ховд аймгийн АН-ын дарга Д.Пүрэвдорж түрүүлэх магадлал маш өндөр байна. Түүний хувьд сонгуулийн хурдан хүлгүүдийн түрүү магнайд дүүхэлзэж байгаад нутгийн зон олон талархалтайгаар хүлээн авч байна. Энэ тойрогт уралдах хүлгүүдийн нэг Г.Нямдаваа өмнө нь сонгуулийн наадамд уралдаж байсан ч намын хүчээр торгон жолоо өргүүлж байсан нэгэн. Тэрээр наадамд түрүүлсний шидийг гаргалгүй дөрвөн жил хаана байсан нь мэдэгдээгүй бөгөөд хожим нь аймгийн Засаг даргын уралдаанд түрүүлж, нутаг орноо зарах, загас жараахай наймаалах өчүүхэн ажлаар оролдож, хурд хүчээ ихээр алдаад буй ажнай.
Харин С.Бямбацогт нь айлын хаалга будаж, хувийн компани нь Ховд аймагт зарлагддаг бүхий л тендерийг түүвэрлэн сорчилдог үйл ажиллагаанд гаршиж, энэ талаар өмнөө ямар ч хурдан хүлэг оруулахааргүй болсон нэгэн. Тэрээр түрүүлэх магадлал тун бүрхэг буй гэх. Өөртөө нааж, аймгийн Засаг дарга Г.Нямдавааг хань татаж буй нь өөрийнхөө ард ирэх хүлгийг бэлдэж буй ч гэсэн үг байна. Учир нь тэрээр баян ходоод болохгүйн тулд хамгийн найдвартай баян ходоодыг хажуудаа дагуулж байгаа нь түүний хэр уралдаан ч болохыг илтгээд байх шиг. Өөр нэгэн хурдан хүлэг нь АН-аас нэр дэвшиж буй Батбаяр. Тэрээр Г.Нямдавааг энэхүү наадамд уралдахаар болж буйд ихэд баяртай байгаа бөгөөд сумогийн дэвжээгээр бол тавин хувийн амжилтаа хийчихлээ хэмээн арай л зарлаагүй байна. Арлын оронд барилдаж байсан тэрээр өнгөрсөн УИХ-д Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс түрүүлж гишүүн болсон ч эгэл олондоо бус эхнэртээ их бэлэг өгдөг гишүүнээр тодорсон нэгэн. Иймэрхүү хурдан хүлгүүд энэ жилийн наадамд уяа сойлгоо тааруулж, уралдахаар гарааны зурхай руу эргэлээ. Эргэх морьдын хурд хүч хэр байхыг ирэх өдрүүдийн тоосны туяа будран татах сонгуулийн чимээтэй өдрүүд харуулах биз ээ.