Хөлбөмбөгийн зарим хашир мэргэжилтнүүд “Тоглогчдын үнэ дэндүү хөөрөгдөөд байна аа. Бодит үнээр нь авдаг болмоор байна” гэж их ярих болжээ. Гэтэл хөлбөмбөгийн бие төлөөлөгчид хэмээх сэргэлэн нөхдүүд наагуур цаагуур гүйлдээд, элдэв юм ярьж явсаар эцэстээ өнөөх үнэ хөөрөгдөж гүйцдэг. Энэ нь монголчилбол, малчин айлаас махыг нь ченж эр худалдаж аваад, хотод авчирмагцаа үнийг нь тэнгэрт хадтал хөөргөчихдөгтэй адилхан бололтой юм.
Хөлбөмбөгийн бие төлөөлөгчид гэдэг цагтаа сонирхогчдын лигт тоглож байсан, эсвэл сэтгүүлзүйд бага зэрэг зүтгэж үзсэн хүмүүс гээд зүсэн бүрийн ажил мэргэжилтэй хүмүүс гажуудаж явсаар эцэстээ бууриа энд зассан байх төлөвтэй. Гэхдээ бие төлөөлөгчид хөлбөмбөгт үнэ хөөрөгдөхөөс гадна хөлбөмбөгчдийн хувьд тун өгөөжтэй хүмүүс. Багтайгаа цалин ярилцах гэхээр хацар нь халуу дүүгээд, өөдтэй үнэ хаялцаж чаддаггүй хөлбөмбөгчид өчнөөн бий. Тэдний өмнөөс өнөөх бие төлөөлөгч бүхнийг нь дааж, энд тэндхийн хөлбөмбөгчдийн цалинтай зүйрлүүлэн ярьж, өөрийнхөө үйлчлүүлэгчийн давуу талыг дурьдсаар цалинг нь нэмүүлж, гэрээг нь сунгадаг увдистай.
Орчин үед хөлбөмбөгчид багтайгаа өөрөө цалингийн талаар ярилцахаа аль хэдийнэ больчихсон. Бүгдийг л өнөөх муу нэртэй, луу данстай бие төлөөлөгчид хийнэ. Гэхдээ тэд энэ хөдөлмөр бүрийнхээ төлөө хувь хүртдэг болохоор зүтгэхээс өөр замгүй. Эдүгээ дээд зэрэглэлийнхнээс Пол Скоулз л ганцаархнаа бие төлөөлөгчгүй үлдсэн ганц хөлбөмбөгч гэгддэг. Тэгэхээр хөлбөмбөгт баг, багийн эзэн, дасгалжуулагч, хөлбөмбөгч гэсэн үндсэн дөрвөн ойлголтоос гадна тав дахь хүчин зүйл нэмэгдэн, газар аваад буй нь хөлбөмбөгчийн бие төлөөлөгч юм. Боловсрол муутай, бөмбөг л элдэж чаддаг хөвгүүдийг энэ хүмүүс л том багт оруулж, цалин пүнлүүг нь тохирч, ирээдүйг нь залж өгдөг.
Тэгээд ч сүүлийн үед бие төлөөлөгчид их “томорсон”. “Марио Балотелли шиг агуу хөлбөмбөгч Сери-А-д тоглож таарахгүй” гэх мэт мэдэгдлийг бие төлөөлөгчид л үгүй хэлж чаддаг болсон билээ. гчийн бие төлөөлөгч гэдэг зөвхөн гэрээ ярьж явдаг зарцууд биш харин мбөгчийнхөө гэрээний хувийг эрхээ хуулиар баталгаажуулчихсан шахуу болчихсон хүмүүс. Ингээд хөлбөмбөгийн ертөнцийг байлдан дагуулж, хөлбөмбөгч, дасгалжуулагчдын тархийг атгачихаад буй хоёр төлөөлөгчийн тухай цухас өгүүлье.
“ПОРТУГАЛД МӨНГӨ ЭКСПОРТЛОГЧ” ЖОРЖЕ МЕНДЕШ
Цагтаа сонирхогчдын лигт хэний ч анхаарлыг татахааргүй тоглогч явсан Жорже Мендеш хэмээх португал эр эдүгээ эх орныхоо хөлбөмбөгтэй холбоотой бүх шилдэг хүмүүсийг гартаа атгачихжээ. Жозе Моуриньо, Криштиану Роналду, Нани, Фабио Коэнтрао, Деку, Рикардо Куарежма, Симао Саброза, Рикардо Карвальо, Паулу Феррейра гээд бүгд түүний үйлчлүүлэгчид. Жорже Мендеш тэдний аль багт очихыг нэгд нэгэнгүй мэдэж, бүх багтай нь гэрээ, цалинг нь ярилцдаг. Тэрээр ресторан ажиллуулж байхдаа хаалгач Нунутай тааралдсан юм билээ. Удтал ярилцсаны эцэст Испанийн “Депортиво”-д тоглуулах талаар ярилцахаар болсон нь түүний анхны бие төлөөлөгчийн хувиар хийсэн ажил юм. Нуну “Депортиво”-д очиж чадсан төдийгүй тэнд таван жил болохдоо ердөө дөрөвхөн тоглолтод гарч, хоёр ч удаа зээллэгээр өөр баг руу одсон гэдэг. Тэр үеэс л Мендеш шинэ ажилдаа амташжээ.
Жорже Мендеш овтой эрийн ёсоор Их Британи руу хараагаа бэлчээж, эхний ээлжинд Рунигийн бие төлөөлөгч Пол Стретфордтой хамтран ажиллахаар ярьж тохирсон байна. Тэд хамтдаа Криштиану Роналдуг “Манчестер Юнайтед”-д элсүүлж, Уго Вианаг “Ньюкасл”-д шургуулж, Нуну Капушуг “Глазго Рейнжерс”-т багтааж чадав. Ингээд эхний хэдэн наймааныхаа мөнгийг яг тэнцүү хуваан авчээ. Харин дараагаар нь Паулу Феррейра, Рикардо Карвальо, Тиагу нарыг “Челси”-д зуучлахдаа замаас нь Мендеш 2.9 сая паундыг хав дарж, Стретфорддоо дуулгаагүй тул зам салсан гэдэг. Аажим аажмаар түүний үйлчлүүлэгч нар амжилт гаргах тусам Мендеш томорсоор байлаа.
Моуриньо “Челси”-гээс халагдмагц нь “Интер”-тэй ярилцаж, асуудалгүй тохиролцов. Тэгсэн хэрнээ эргээд өнөөх “Челси”-д Луис Фелипе Сколариг аваачаад өгчихлөө. Мөн “Барселона”-гаас Сколарид зориулан Декуг ятгаад авчирчихав. Сколари явж, Португалийн шигшээ дасгалжуулагчгүй үлдмэгц нь Карлуш Кейрушийг мөн зуучлаад өгчихлөө. Энэ мэтээр Жорже Мендешийн үйлдсэн ажлыг тоочоод байвал толгой эргэм. Цагтаа Жозе Моуриньо “Челси”-д очих боломж гарч буйг дуулмагцаа өөрийн бие төлөөлөгчөө орхиж, Мендештэй нэгдсэн гэдэг. Үүнээс гадна Луиш Фигуг бие төлөөлөгчөөс нь булаачихсан тул онгоцны буудал дээр зодуулж хүртэл үзсэн юм билээ.
Хашир туршлагатайгаараа зартай Сэр Алекс Фергюсон насандаа ганц л тоглогчийг өөрөө огт харалгүйгээр гэрээ хийгээд авчихсан нь Бебе хэмээх португал залуу. Жорже Мендеш л Бебег гайхалтай гээд байсан тул Сэр Алекс сохроор авчихаж. Гэтэл өнөөх нь хөлбөмбөгийн дээд зэрэглэлд гараад тоглохдоо ёстой л сохор хүн шиг харагдсан. Тиймээс Бебег тэр даруй өөр багт зээлүүлэхэд хүрсэн. Хамгийн гол нь огт хараагүй залуугийн төлөө Сэр Алексийг 9 сая паунд гаргуулж чадсан нь Мендешийн нэр хүнд бас залийг нь илтгэнэ. Түүнийг португалын хөлбөмбөгийнхөн “Мөнгө экспортлогч” гэж хочилдог. Мендешийн бизнес цэцэглэсээр л байгаа юм.
ААШТНУУДЫГ АСРАГЧ МИНО РАЙОЛА
Итали, Голландын иргэний үнэмлэхийг энгэртээ давхраар нь хийчихсэн Мино Райоли хамгийн ааштай, адайр зантай хөлбөмбөгчдийг төлөөлдгөөрөө содон. Түүний үйлчлүүлэгчид дотор Златан Ибрахимович, Марк Ван Боммель, Марио Балотелли, Арьен Роббен, Марек Хамшик нар багтана. Мэдээж, үүнээс гадна дунд зэрэглэлийн маш олон тоглогчийн эрхийг тэрээр худалдаад авчихсан эр. Хамгийн сүүлд л гэхэд Поль Погба хэмээх хөвгүүн “Манчестер Юнайтед”-тай гэрээ хийх гэж эргэлзсэн нь Мино Райолагаас л эхтэй. Тэр л Погбагийн уяа сойлгыг тааруулж, “Ювентус” ахиу мөнгө өгчихвөл тийш нь зарж, замаас нь хожих гэсэн хэрэг.
Мино Райола өөрөө Италийн НочераИнферьоре хэмээх жижигхэн хотноо мэндэлсэн ч одоо Монте-Карлод тансаг харшид амьдарч, Maguire Tac&Legal компани нь Амстердам, Прага, Рио-деЖанейрод аль хэдийнэ салбараа нээжээ. 18 настайдаа л Мино хөлбөмбөгийг орхиж, илүү ашигтай бизнес рүү хөл тавихаар шийдсэн гэдэг. 1993 онд “Интер”-т Вим Йонк, Деннис Бергкамп нарыг аваачсан нь түүний эхний томоохон наймаа болжээ. Ялангуяа Бергкампыг Миланы багт 12 саяар өгч чадсан нь олон жилийн турш хамгийн ашигтай наймаа нь байлаа.
Дараагаар нь “Ювентус”-тай их зузаан нөхөрлөж, Златан Ибрахимович, Павел Недвед нарыг Турины багт авчирч чаджээ. Харин дараа нь өнөөх Ибрахимовичийгаа “Барселона”-д тэнгэрт хадсан үнээр өгсөн. Мөн Робиньог “Милан” руу илгээж, Марио Балотеллиг “Манчестер Сити”-д авчирсан нь түүний л хийсэн ажил юм. Түүнийг одоогоор Италийн “Ювентус”, Английн “Манчестер Сити”-тэй арай түлхүү тулж ажилладаг гэж дүгнэж байгаа ажээ.
Томоохон бие төлөөлөгч бүрийг танилцуулна гэвэл цаас хүрэлцэхгүй. Тиймээс хамгийн нөлөө бүхий 10 бие төлөөлөгч болон түүний гар дор оршдог хөлбөмбөгчдийн нэрсийг товчлон хүргэе.
1.Жорже Мендеш
Жозе Моуринью, Криштиану Роналду, Анхель Ди Мария, Пепе, Рикардо Карвалью, Данни, Бруну Алвеш, Нани, Андерсон, Бебе, Тиаго Силва, Симау Саброза, Рикардо Куарежма, Мануэл Фернандеш, Уго Алмейда, Фабио Коэнтрау, Мигел Велозу, Тиагу, Паулу Феррейра, Деку
2.Мино Райола
Златан Ибрахимович, Марк ван Боммел, Арьен Роббен, Вила Дидак, Марио Балотелли, Максвелл, Крис, Фелипе Маттиони, Кристиан Вильхельмссон, Даниэль Де Риддер, Керлон, Зденек Грыгера, Мартин Йол.
3.Пини Захави
Хавьер Машерано, Жоао Моутиньо, Фернандо Беллуски, Перейринья, Таль Бен Хаим, Мигел Витор, Гай Ассулин
4.Пьер Фрело
Дидье Дрогба, Флоран Малуда, Маруан Шамах, Уильям Галлас, Бафетимби Гомис, Лорик Сана, Мевлют Эрдинг, Блез Матуиди, Стив Манданда, Андре Айю
5.Вагнер Рибейро
Робиньо, Неймар, Халк, Диего Лугано, Жулио Баптиста, Фабио Аурелио, Илсиньо, Зе Роберто, Маркос Сенна
6.Алан Мильяччо
Франк Рибери, Йоанн Гуркюфф, Самир Насри, Жереми Менез, Себастьян Скиллачи,
7.Жузеппе Боццо
Фабио Квальярелла, Антонио Кассано, Симоне Перротта, Фабио Гроссо
8.Мигель Сантос
Самуэль Это’О, Хаби Алонсо, Микел Артета, Рауль Тамудо
9.Реза Фазели
Месут Өзил, Нури Шахин, Хамит Алтынтоп, Халил Алтынтоп, Али Карими, Жавад Некунам
10.Хосе Антонио Мартин
Фернандо Торрес, Хесус Навас, Педро, Хави Мартинес, Альваро Домингес, Сесар Аспиликуэта, Даниэль Пачеко Р.ГЭГЭЭ