Мөнгөтэй, сүйхээтэйгээрээ бизнесийнхэн байтугай улс төрийнхний анхаарлыг татдаг “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүү АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших мандатыг “ногоон гэрлээр” өвөртлөөд буй. Аль нэг намын харьяалалгүй ч бизнес, улс төрийг гайхалтайгаар хослуулдаг энэ эрхэмд АН-ын удирдлагууд гэнэт ийнхүү тойрог бэлэглэж, мандатаар тал зассан нь мөнөөх л мөнгөтэй нь холбоотой бололтой.
АН-д олон жил хүчин зүтгэж, залуу халуун насаа зориулсан “ардын хүүхдүүд” УИХ байтугай Орон нутгийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө улс төрийн олон шалгуурыг дааж, давдаг. Дараа нь итгэл хүлээх эрхтэй болдог. Гэтэл Б.Наранхүү энэ бүгдийг “бөөндөж”, аймгийн ҮЗХ-ны хурлын өмнөх өдөр АН-д элсээд, маргааш нь ямар ч өрсөлдөгчгүйгээр “квот” авчээ. Учир нь мань нөхөр АН-д гурван тэрбум төгрөг хандивласан гэнэ.
АН-д нэг тэрбум төгрөг өгсөн бол нам доторх хүчтэй, нөлөөтэй “Нэг ардчилал” болон “Шонхор” фракцынханд тус бүр ийм хэмжээний хандив өргөснийг “ардын хүүхдүүд” ярьцгааж байна. Энэ талаар Б.Наранхүүгээс өөрөөс нь тодруулах гэсэн боловч утас нь холбогдсонгүй. АН хэдхэн хоногийн өмнө нэр дэвшигчдэд батламж гардуулах ёслолыг Буянт-Ухаа дахь Спорт цогцолборт сүр дуулиантайхан хийсэн. Үүндээ нэг тэрбум төгрөг зарцуулсан гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнийхний дунд яригдаж байна.
Д.ОЮУН