Эрх баригч МАН-ын тухайд энэ жилийн сонгуулийн сурталчилгаа хөгжилд суурилах нь нэгэнт тодорхой байгаа. Нэг жилийн турш судалгаа тооцоо хийсний дээр “Ард түмнээ сонсъё” аяны үеэр иргэдийн зүгээс гаргасан санал санаачилгад тулгуурлан боловсруулсан, улс орноо 2011-2031 онд хөгжүүлэх “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийн эхний дөрвөн жилийн ажлыг УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө болгон орж байгаа. Улс орон хэрхэн хөгжих, юу өөрчлөгдөх, авдаг цалин, амьдрах орчинд ямар өөрчлөлт оруулж чадахаа Ардын нам ард түмэндээ хэлж ярьж, ой тойнд нь хүргэхэд онцгойлон анхаарч байгаа нь аймгууд “Хөгжлийн хуудас” нэртэй нэвтрүүлэг, нийслэл, Засгийн газар дөрвөн жилийн ажлаа тайлагнаж байгаагаас харагдаж байна.
АН болон бусад улс төрийн хүчнүүдийн тухайд хар PR давамгайлах төлөвтэй. Эрх баригч хүчний эсрэг өрсөлдөгчид гол төлөв ийм тактик барьдаг. Энэ удаад ч хэвээрээ байх төдийгүй улам эрчимжих хандлагатай байна. АН-ын зүгээс авлигыг өрсөлдөгчдөө нааж, тэдний нэр хүндийг унагах, үүгээрээ хэдэн оноо татах тактик барих бололтой. Бололтой ч гэж дээ, тэдний сонгуулийн хөзөр нь Авлигатай тэмцэх газрыг ашиглаж өрсөлдөгчдөө намнах. АН анх удаа УИХ-ын сонгуульд Ерөнхийлөгчтэй, Шүүхтэй, Прокурортой, Авлигатай тэмцэх газартай орж байгаа алтан боломжоо зуун хувь ашиглах бодлого бас баримталж байгаа гэх. Манайх сонгуульд ялна гэж түрүүлж дуугарах нь АН-ын хувьд улиг болсон тактик. Энэ удаад ч давтан ашиглах нь тодорхой болсон.
Хөвсгөлд нэр дэвших магадлалтай, рейтинг өндөр байсан Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, судалгаагаар Дорноговьд тасархай өнгөлж байсан Ц.Анандбазар нарыг Авлигатай тэмцэх газар анаж байгаад баривчилсан нь улс төрийн зорилготой үйлдэл гэж ажиглагчид дүгнэж байна. Нэр дэвшигчдээ тодруулсны маргаашнаас л өөрийн мэдлийн сонинуудаараа “Ардын засгийн наадам Ардчилсан намынх болно” гэж мэдэгдэж эхэллээ. Уг нь Ардын засгийн наадам хэнийх болохыг монголчууд маань зургаадугаар сарын 28-нд шийднэ гэж мунхаг би бодоод байгаа юм. “Өдрийн сонин”, ”Нийслэл таймс” сонинууд “Эрх баригч нам завсарлага авна” гэж бүр үг үсгийн зөрүүгүй ив ижилхэн бичсэн байх юм.
Хэн АН-ынханд ингэж хэлснийг бүү мэд. Жижиг намуудын тухайд том хоёр нам жаахан уралцаад өгвөл тэрэнд дөрөөлж хоёуланг нь муулж аваад, өөрсдийгөө таниулаад авъя гэсэн тактик барьж байгаа гэнэ. За, товчхондоо нэг иймэрхүү. Цаашдаа тэгээд юм юм өрнөнө биз. Харж л байя.
С.ЦЭНГЭЛ