Ийм эргэлзээ өчигдөр Төрийн ордонд бий болов. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос хаврын чуулганаар хийсэн ажлаа тайлагнаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийх ёстой байсан ч болсонгүй. Шалтгааныг нь лавлавал, Байнгын хорооны дарга А.Тлейхан “Нэр дэвшигчид тодорсон учраас мэдээлэл хийвэл суралчилгаа болчихно” гэсэн гэх. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг завсарлачихсан УИХ-даа Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барих тухай зар өчигдөр бас тарсан байв. Тэр төслөө ч өргөн барьсангүй. Өнөөх эргэлзээнээс болов бололтой.

Сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 6-наас эхэлнэ хэмээн Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваарьт дурайтал биччихсэн байдаг, гишүүд нь ингэж ярьсан. Бүр эргэлзээтхэв. Ядаж байхад УИХ-ын 76 гишүүний 72-73 нь сонгуульд нэр дэвшигчээр тодорчихсон. Гэтэл УИХ-ын Байнгын хорооны ажлыг тайлагнаж болохгүй гэж дарга нь үзээд байдаг. Хэдийгээр тэд нэр дэвшигч мөн ч гэсэн өчигдрийн байдлаар албан ёсоор Тойрог, СЕХ-нд бүртгүүлж үнэмлэхээ авсан хүн тун цөөн байсан юм. Нөгөө талаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй. Дараагийн гишүүд тангараг өргөтөл тэд УИХ-ын гишүүн мөн, төрийн ажлаа хийх л ёстой.
Сонгуулийн хуулиа СЕХ нь ч тайлбарлаж төвдөхгүй, Дээд шүүх үг унагахгүй, УИХ-ын гишүүд нь иймэрхүү салаа ойлголттой сууж байна. Төрийн ордонд нэг ийм эргэлзээ төрж байх зуур зарим Тойргийн хороо нэр дэвшигчдээ түрүүчээс нь бүртгэж үнэмлэхийг нь өгөв. Намууд нэр дэвшигчээ тодруулснаас хойш тав хоногийн дотор тэд тухайн Тойргийн хороондоо материалаа хүргүүлэх учиртай. Нэр дэвшигчид тус тусын Тойргийн хороонд холбогдох материалаа өгөх бол жагсаалтаар “сойсон” 28 хүнийхээ материалыг нам нь СЕХ-нд өгөх аж. Ингээд СЕХ болон Тойргийн хороод нь тухайн нэр дэвшигчийг бүртгэх эсэхээ зургаадугаар сарын 6-ны дотор шийдвэрлэх юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн нэр дэвшигчид Тойргийн хороондоо материалаа хүргүүлж буй. Тиймээс нэр дэвшигчдийн түрүүчийг Тойргийн хороо өчигдрөөс бүртгэжээ. Тухайлбал,Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшигч Б.Батбаатар, Г.Баярсайхан, МАН-аас нэр дэвшигч Д.Зоригт нарыг Тойргийн хороо нь бүртгэж, үнэмлэхийг нь гардуулав. Тэд намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, тухайн дүүргийн иргэдийн эрх ашгийн төлөө ажиллахаа мэдэгдэв. Б.Батбаатар “Энэ удаагийн сонгуулиар иргэд уул уурхай дахь шударга бус явдал, авлига хээл хахуульгүй, нээлттэй, ил тод, иргэндээ ээлтэй төр засагтай улсыг бий болгох сонголт хийх гэж байна.
Чингэлтэй дүүрэг 110 мянган сонгогчтой. Тэдний болон ард түмнийхээ хүсэл, дуу хоолойг төрийн бодлогод тусгах ёстой. Үүний төлөө Монголын төрд гүүр болон ажиллах болно” гэлээ Нам, эвсэл, нэр дэвшигч Тойрог, СЕХ-нд бүртгүүлж, үнэмлэхээ авсан бол сурталчилгаагаа эхэлж болно хэмээн өнөөх цагийн хуваарт биччихсэн байх юм. Тэгсэн атлаа хэрэгжих хугацааг нь зургаадугаар сарын 6 хэмээн заажээ. Өчигдөр үнэмлэхээ авсан нэр дэвшигчид сурталчилгаагаа эхэлж болох ч юм шиг, үгүй ч юм шиг. Бүрэн эрх нь дуусаагүй байгаа УИХ-ын гишүүн-нэр дэвшигч төрийн ажлаараа мэдээлэл хийж, ярилцлага өгч болох ч юм шиг, үгүй ч юм шиг хаа хаанаа төөрч гүйцэв.
СЕХ-ноос “Бүгдийг нь нэг гараанаас эхлүүлнэ” гэсэн чиглэл өгсөн гэх сураг ч гарлаа. Сонгууль дөхчихөөд СЕХ-ныхон өдөр бүр хуралдаж буй учир энэ эргэлзээг тайлаад тайлбар өгчих хүн ч байсангүй. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн үү, эхлээгүй юү.
С.УУЛ