УИХ-ын гишүүн С.Баярцогт уржигдар телевизээр цаг агаарын мэдээ уншлаа. Цагийн сайханд улс орны эдийн засгийн хөгжлийн бодлого бодож, уул уурхайн томоохон төслийн тооцоо хийж явсан Сангийн сайд асан “Манай Сэлэнгэд хур тунадас орохгүй нь ээ” хэмээн гунгануулах нь нүдэнд дасал бус харагдлаа.
С.Баярцогт УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймагт өрсөлдөхөөр АН-аас дэвшээд буй. Сонгуулийн сурталчилгааны хугацаа албан ёсоор эхлэх хуулийн хугацаа болоогүй учраас рекламдуулах шалтгаа олж ядахдаа цаг агаарын мэдээ уншив уу, яав. Эс бөгөөс телевизэд мөнгө төлөх бус, харин ч эсрэгээр телевизүүдээс цалинжин “цагийн ажил” хийж байж ч магадгүй л юм.
С.Баярцогт саяхан эмэгтэйчүүдийн дунд явуулсан санал асуулгаар “Хамгийн дур булаам эрэгтэй улстөрч”-өөр шалгарсныг манай сонин уламжилсан билээ. Хэрэв тэрбээр дур булаам байдлаа сонгуулийн өмнө ашиглая гэвэл “Үдшийн шивнээ” сэтгүүлийн хавтсанд нүцгэн зургаа тавиулдаг “халуухан” охидыг ч ажилгүй болгож чадах даг шүү.
УИХ-ын чуулган түр завсарлаад байгаа энэ өдрүүдэд зарим гишүүн хууль бус сурталчилгааны хэрэгт унахаас зайлсхийн нэгэнт зарлагдаад байсан хэвлэлийн хурлаа хүртэл цуцалж л байх. Харин зарим нь дурангийн өмнө жүжиглэсээр л явах.
Өнөө үдэш зурагтаар С.Баярцогт дахиад цаг агаарын мэдээ унших болов уу. Хэрвээ УИХ-ын сонгуульд ялахгүй бол “цагийн ажлаа” үргэлжлүүлээрэй, нэр дэвшигч ээ. Дасал бус хэдий ч аятайхан харагдаж байлаа гэж.
Б.ЭНХЭЭ