УИХ-ын сонгуульд бие даан өрсөлдөхөөр зэхэж буй хүмүүс энэ сарын 14-нөөс ажлаа эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өрсөлдөхөөр сонгосон тойргийнхоо 801-ээс доошгүй сонгогчийн дэмжлэг авахаар гарын үсэг цуглуулсан билээ. Нам эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 25-наар дууссан. Улмаар тэд холбогдох материалаа Тойргийн хорооддоо өнөөдрийн дотор өгсөн байх учиртай. Бие даагчдын тухайд 801 хүний гарын үсгээ цуглуулаад холбогдох материалын хамт тойргийнхоо хороонд хүргүүлсэн.
Улсын хэмжээнд сонгуулийн 26 тойрог бий. Эдгээр тойргоос 48 хүн сонгогдоно. Тойргийн хороо тус бүр дээр бие даагчид бүртгүүлэх учраас УИХ-ын энэ удаагийн сонгуульд хэчнээн хүн бие даан өрсөлдөх нь бүртгэж, үнэмлэх олгосны дараа л эцсийн байдлаар мэдэгдэнэ. Одоохондоо олны танил бие даагчдын нэрийг л олон нийт мэдэж буй. Өмнөх сонгуульд 44 хүн бие даан нэр дэвшиж байсан бол энэ удаа одоохондоо мэдэгдээд буй 10 орчим хүн байгаа юм. МАН-аас хөөгдөж, бантсандаа МАХН-д элсэж түвдээгүй УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймагт, Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч С.Ганбаатар ДарханУул аймагт, Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан Нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгааг бид мэднэ.
2008 онд нийслэлийн Баянзүрх дүүргээс бие даан сонгогдсон гишүүн З.Алтай энэ удаа ИЗНН-ын дэмжигч гишүүний статустайгаар өрсөлдөнө. Түүнээс энэ статусын учрыг лавлахад “Би ИЗНН-ын гишүүн биш, гэхдээ дэмжигч гишүүн гээд энэ намын нэрээр өрсөлдөнө” гэлээ. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүрэгт гурван бие даагч хүчээ үзэж байгаа гэнэ. ИЗНН-ын дэмжигч гишүүний нэрээр сонгуульд өрсөлдөх учир З.Алтай гишүүн эдэн дунд багтахгүй. Бие даагч Г.Баасан өнөөдөр 11.30 цагт Тойргийн хорооноосоо үнэмлэхээ авах юм билээ.
Адилхан бор зүрхээрээ нэр дэвшиж буй хоёр “найз” нь хэн гэдгийг тэр бас мэдэхгүй байв. МАН-ын УИХ-ын гишүүдээс тойроггүй үлдсэн хүмүүсийг бие дааж магадгүй гэсэн таамаг бий. Гэвч материал бүрдүүлж өгөх хуулийн хугацаа дууссан учир тэд энэ удаа тоглоомын гадна үлдэж байна. Ш.Сайхансамбуу гишүүнд ийм санал нэлээд ирсэн ч хүлээж аваагүй гэх. УИХ-ын сонгуулийн 26 тойрогт хэчнээн бие даан нэр дэвшигч өрсөлдөх нь зургаадугаар сарын 6-нд тодорхой болно. НИТХ-ын сонгуулийн тухайд есөн бие даагч өчигдөр бүртгүүлсэн байна.
С.ТУУЛ