Нийслэлийн АН-ын дэд дарга Н.Батаа, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн хуулийн зөвлөх С.Отгонгэрэл тэргүүтэй хүмүүс өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. НИТХ-д өрсөлдөх 45 хүнийхээ нэр дэвшигчийн үнэмлэхийг авахаар очсон тэд хоосон буцаж ирсэн байна. Учир нь НИТХ-ын сонгуульд НАН-ыг тэргүүлэн оролцохоо мэдэгдсэн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг бүртгэхээс Нийслэлийн сонгуулийн хороо татгалзсан аж. 44 хүнийх нь нэр дэвшигчийн үнэмлэхийг бэлдчихээд Э.Бат-Үүлийг “Хуулийн дагуу УИХ-ын гишүүнээсээ түр түдгэлзэх ёстой” гэсэн юм байна. Нийслэлийг өөрчлөхийн төлөө хамтдаа тэмцэнэ гээд НАН-ын гишүүд үнэмлэхээ авалгүй гарч иржээ.
Энэ талаар НАН-ын дэд дарга Н.Батаа “Нэр дэвшигч бүртгэх хуулийн хугацаа өнөөдөр 24 цагаар дуусна. Тэр болтол бид хүлээж байна. Э.Бат-Үүл гишүүн Сэлэнгэ аймагт ажиллаад ирж яваа, ирэхээр нь энэ асуудлаар ярилцана. Асуудлыг хуулийн дагуу хурдан шийдэж, нэр дэвшигчийг бүртгэ гэсэн албан бичиг манай намаас Нийслэлийн сонгуулийн хороонд өгсөн” гэлээ. Э.Бат-Үүлийн хуулийн зөвлөх С.Отгонгэрэл “НИТХ-д нэр дэвшигчдэд УИХ-ын сонгуульд өрсөлдөх хүмүүстэй адил шаардлага тавьдаг. Тиймээс УИХын сонгуулийн тухай хуулийн заалтыг хэрэглэхийг зөвшөөрдөг.
Сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасны дагуу улс төрийн албан тушаалтнаас бусад төрийн албан хаагч төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалд нэр дэвшихээр бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаасаа чөлөөлөгдөнө гэж заасан. УИХ-ын гишүүн бол улс төрийн албан тушаалтан. Төрийн албан хаагчийн тухай хуулийн 6.6.1-д УИХ-ын дарга, дэд дарга, УИХ-ын гишүүн нь улс төрийн албан хаагч мөн гээд заачихсан байгаа. Тиймээс УИХ-ын гишүүн НИТХ-ын сонгуульд нэр дэвшихдээ албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёсгүй. Хуулийн ийм зохицуулалт байхгүй” гэв.
Нийслэлийн сонгуулийн хорооныхны хэлсэн “түр түдгэлзэх” гэсэн заалт УИХ-ын гишүүнд үл хамаарах аж. Э.Бат- Үүлийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсаныг “МАН олон жил нийслэлд ноёрхсон байдлаа алдахгүйн тулд хийж буй улс тө рийн явуулга” хэмээн хардаж буйгаа НАН-ын дэд дарга Н.Батаа хэлэв. Тэднээс зарим зүйл тодрууллаа.
-Хэрэв Нийслэлийн сонгуулийн хороо Э.Бат-Үүл гишүүнийг нэр дэвшигчээр бүртгэхгүй бол яах вэ. Танай 44 гишүүн үнэмлэхээ авах уу?
-Энэ асуудлыг өнөөдөртөө (өчигдөр) багтаан шийднэ гэж хүлээж байна. Одоо тодорхой хэлэх боломжгүй.
-Засаг дарга Г.Мөнхбаяр бас улс төрийн албан тушаалтан. Тэр ажлаасаа чөлөөлөгдсөн шүү дээ?
-Г.Мөнхбаяр бол УИХ-ын гишүүн биш. Түүнийг Ерөнхий сайдын захирамжаар чөлөөлж болно. УИХ-ын гишүүний тухайд дээр хэлсэн ялгаа бий.
С.УУЛ