НИТХ-д нэр дэвшихээр материалаа ирүүлсэн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг нийслэлийн Сонгуулийн хороо бүртгэж авах боломжгүй гэж өчигдөр мэдээлсэн. Энэ талаар НСХ-ны дарга Ү.Ганболдоос тодрууллаа.
-УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчээр яагаад бүртгэх боломжгүй болсон талаар тайлбарлахгүй юу?
-НИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 24.5-д төрийн жинхэнэ албан хаагчаас бусад этгээд нэр дэвшихээр бүртгүүлэхийн өмнө ажил, албан тушаалаасаа түр чөлөөлөгдсөн байна гэж заасан байгаа. Хуулийн заалтыг хангасан хүмүүсийг бид бүртгэнэ шүү дээ. УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга, төрийн албан хаагч, хувийн компанийн ажилчид бүгд адил тэгш эрхтэй.
-Э.Бат-Үүлийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй тул чөлөөлөгдөх боломжгүй, нөгөө талаар УИХ-ын чуулган завсарласан тул түүнийг чөлөөлөх тухай хэлэлцэх боломжгүй болсон гэсэн тайлбаруудыг албаны хүмүүс өгч байна. Хэрэв бүртгэж авахгүй бол Э.Бат-Үүл гишүүн шүүхэд хандана гэсэн байсан. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Энэ талаар би хэлж мэдэхгүй. Бид албан ёсоор биечлэн уулзаагүй. Манай сонгуулийн хороонд гиш үүн өөрөө хандаагүй байна.
-Энэ талаар түүнд танай Сонгуулийн хорооноос мэдэгдсэн үү. Гишүүн энэ талаараа мэдээгүй юм биш үү?
-Мэдээгүй байх учиргүй. УИХ-ын гишүүд өөрсдөө хуулиа баталсан шүү дээ. НИТХ-ын сонгуулийн тухай хууль дөрөвдүгээр сарын 27-нд батлагдаад сар гаруй хугацаа өнгөрлөө. УИХ-ын гишүүдийн баталж өгсөн тэр хуулийг л бид мөрдөж байгаа. Уг хуульд НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхийн өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх тухай тодорхой заасан. Мөн нэр дэвшигчдийн бүрдүүлэх ёстой долоон бичиг баримтыг заасан байгаа. Гишүүний хувьд ажлаас түр чөлөөлөгдсөн шийдвэр нь дутуу байгаа юм. Төрийн жинхэнэ албан хаагчаас бусад гэхээр улс төрийн албан тушаалтнаас эхлээд төрийн өмчийн компаниудын захирал ч орно.
Улс төрийн албан хаагчдад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын дарга, гишүүд бүгд орно. Хэрэв УИХын сонгуулийн тухай хуульд заасан шиг “улс төрийн албан тушаалтнаас бусад” гээд заасан бол өнөөдөр ийм асуудал гарахгүй байсан байх.
-Тэгвэл Э.Бат-Үүл гишүүнийг НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэсэн үг үү?
-Боломжгүй гэж би хэлээгүй. Манай хороо өнгөрсөн тав хоногт холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хуулийн дээрх заалтыг хэрхэн хэрэглэх талаар тайлбар хүссэн албан бичгийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг болон Сонгуулийн ерөнхий хороонд явуулсан. Өнөөдрийн байдлаар УИХ-ын Тамгын газар, СЕХ-ноос албан бичиг ирсэн. Агуулга нь НСХ-ны эрх хэмжээний хүрээнд ажилла гэсэн байна лээ. Тодорхой хариу ирсэнгүй. Дээд шүүхийн тайлбарыг хүлээж байна. Өнөөдөр (өчигдөр) ирэхгүй бол НСХ хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн хүрээнд хариу өгөх байх. Бүртгэх эсэхээ бид 29-ний дотор шийдвэрлэх ёстой.
-Тэгвэл өнөөдрийн дотор шийдвэрлэж амжихг үй бол бүртгэх боломжгүй болох юм уу?
-Өнөөдөр ямар нэг байдлаар хэн нэгэн нэр дэвшигчтэй холбоотой асуудал, маргаан гарвал тухайн нам, эвсэл илэрсэн зөрчил дутагдлаа арилгаж, материалаа дахин бүрдүүлж ирэх хуулийн боломж байгаа. Тэр хугацаа нь зургаадугаар сарын 8-наас өмнө. Бид хуульд заасны дагуу л ажиллана. Хэрэв мэдсээр байж буруу шийдвэр гаргавал Сонгуулийн хорооны гишүүн, дарга нарт хариуцлага хүлээлгэнэ гээд хуульдаа заачихсан байгаа. Түүнээс биш Э.Бат- Үүл гишүүнийг зориудаар бүртгэхгүй байгаа хэрэг биш.
Р.ОЮУН